
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт гараад байгаа ойн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий, дотроо амрах боломжтой Камаз 4326 маркийн авто машин, Австри улсын 6 хүний Ranger хийлдэг завины хамт хүлээлгэн өгсөн байна.
Одоо идэвхтэй асаж байгаа түймрийн голомтууд нь ихэвчлэн хөвчийн гүндээ, модны унианга ихтэй байгаа нь машин техник хүрч очиход ихээхэн хүндрэл үүсээд байсан юм.
Энэ талаар тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Нэн чухал шаардлагатай, зориулалт бүхий авто машиныг өгсөн нь цаг үеэ олсон томоохон дэмжлэг болж байна" гэжээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Ойн наадмаар одон медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих хэдэн сан байгууллаа. Бөх байлах гэж бэл бэлчингээрээ бусадтай уралдсангүй. Харин ойн түймэртэй тэмцэж буй онцгойгийн байлдагч нарт иж бүрдэл тоногтой байлдааны Камаз, жэт завиа хандивлалаа. Онцгой байдлын хамт олонд баярлалаа" гэжээ.


