Өдгөө дэлхийн хэд хэдэн улс цаазлах ялыг “хуульчилсан аллага” гэж үзэн хүчингүй болгожээ. Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Хожим 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Тэгвэл саяхан хуралдааны үеэр УИХ-ын хоёр гишүүн энэ асуудлаар маш ноцтой яриа өрнүүлжээ.
Тодруулбал, Д.Сарангэрэл гишүүн бага насны охиныг хүчиндсэн этгээдийг цаазаар авах хэрэгтэй хэмээн онцолж, ялын дээд хэмжээг сэргээх боломжтой эсэхийг Х.Нямбаатар гишүүнээс тодруулав.
Үүний хариуд Х.Нямбаатар гишүүн "Цаазаар авах хуулиа үндэсний хууль тогтоомжоор сэргээхийн тулд манай улстай хамт цаазын ялыг хориглох шийдвэрт хүрсэн НҮБ-д бүртгэлтэй 53 орноос нэг бүрчлэн зөвшөөрөл авсан байх шаардлагатай" хэмээжээ.
Тэгвэл цаазын ял байх хэрэгтэй юу?
Олон улсад цаазын ялаас татгалзахыг эрх зүйн нийтлэг соёлын жишээ хэмээн харж байна. Цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй бөгөөд иргэдийг оюун санааны хүнд дарамтанд оруулдаг болохыг хүний эрхийн байгууллагаас анхааруулжээ. Түүнчлэн цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь мөнгөгүйн улмаас хуулийн зохих хамгаалалтыг бүрэн авч чадаагүй ядуу дорой хүмүүс байдаг аж. Шүүхийн алдаатай шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлж, улмаар гэм хийгээгүй ч цаазын тавцанд аваачих эрсдэлтэй. Хэн нэгний худал мэдүүлгээс болж хоригдон, хожим цагаатгагдсан хүмүүсийн бодит жишээнүүд олон бий. Цаазын ялыг сэргээснээр хүчингийн хэргүүд аллагын түвшинд хүрч болзошгүй. Гэмт хэрэг хийсэн хүн үйлдлээ нууж, гэрч үлдээхгүйн тулд хохирогчийн амь насыг хохироох явдал гарахыг үгүйсгэхгүй.
Хүний санаанд багтамгүй булай гэмт хэрэг үйлдсэн ч тухайн хүнд хуулиар олгогдсон эдлэх ёстой эрх бий. Гэвч ардчилсан улсын парламентийн гишүүний амнаас “цаазын ялыг сэргээх хэрэгтэй” гэдэг үг гарч байгаа нь харамсалтай. “Хүн байхгүй бол асуудал байхгүй” гэж боддог Д.Сарангэрэл сайдын сэтгэлийг эмзэглүүлж буй гэр бүлийн хүчирхийлэл цаазын ялыг сэргээснээр байхгүй болчихгүй. Хүчирхийлэл үйлддэг нөхөр нь цаазлуулахаас айгаад эхнэрээ хайрлаад эхлэхгүй шүүдээ.
-ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХИЙН ЭСРЭГ БАЙР СУУРЬТАЙ УЛС ТӨРЧИД-
“Бүх насаар нь хорих ял бодит байдалд тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд амьд гарсан хүн байдаггүй. Эсрэгээрээ тэд амиа хорлох оролдлого хийдэг. Үүнийг амьдын там гэж ойлгож болно” гэжээ.
Цаазаар авах ял нь уг ялаар шийтгэгдсэн этгээд, аль эсвэл шийтгэгдэх ёсгүй этгээдийн хувьд шударга шийтгэл болж чадахгүй байна. Цааз тойрсон алдаа мадаг, түүнийг далимдуулсан эс далимдуулсан, ял завшсан завшаагүй, санаатай санаагүй үйлдэлд санаа зовохгүй байхын аргагүй.
“Цаазын ял "Хүн нь байхгүй бол асуудал байхгүй" гэхчээр төр хүнээ алаад хариуцлагаас зугтаж байгаа арчаагүй төдийгүй хуурмаг зүйл. Хүүхэд хүчирхийлэгчдийг цаазал. Дараа нь авлигчдыг цаазал. Төд удалгүй тэрслүү үзэлтнүүдийг. Эцэст нь хаанд дургуй хүмүүсийг цаазал гэх байх! 1930-аад оны сүүлийн хагасын хэлмэгдүүлэлт ногоон малгайтнуудаас гэхээс хуульд нь хүн алах ял байгаад, түүнийг нь улс төрийн зорилгоор ашиглах сонирхолтой эх орончид гарч ирснээс үүдсэн нь үнэнд ойр” хэмээн бичжээ.
Манай улс 1988-2005 хүртэл 800 гаруй хүнд цаазын ял оноосон байдаг. Цааз шийдэл биш. Гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулах өөр боломжууд байсаар байна. Хүүхэд хүчиндэгч, хүч буурайг дарангуйлагчдыг шийтгэх зөв ч гэмтний бус гэмгүй нэгний амь тасрах вий..