
Нийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг болох Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Тодруулбал, тус хурдны замыг Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК барих бөгөөд 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.
Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөлөөд байна. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Бид нийслэлийн хөндлөн чиглэлд зургаан байршилд тооллого хийсэн. Баруунаас зүүн чиглэлийг хэмжихэд сургууль амарсан үед ойролцоогоор 1-1 цаг 30 минут, хичээл орж байгаа үед 2-3 цагийн хугацаанд нийслэлийн баруунаас зүүн чиглэлд зорчиж байна. Тэгвэл Туулын хурдны зам баригдсанаар баруунаас зүүн чиглэлийг 20-30 минутад буюу дунджаар 25 минутад туулах тооцоолол гарсан. Туулын хурдны зам дангаараа ашиглалтад ороход замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна. Замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурах нь хүмүүст яаж мэдрэгдэх вэ гэхээр иргэд хөдөө орон нутаг руу гарсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрсэн зуны улиралтай адил мэдрэгдэнэ. Тойрог хурдны замын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг дайран өнгөрөх хэсгүүд дээр хамгийн их ачаалал авч, түгжрэлийн дундаж хурд 28-30 км/цаг руу ойртоно” гэж тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьснаар дундаж хурд 2-3 дахин нэмэгдэх юм. Энэ нь дэлхийн дундаж хотуудын хамгийн боломжит хурд болохыг онцолж байсан удаатай.