
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнгийн найз охиндоо 17 саяар цүнх, бөгж авч өгсөн гэх асуудал дуулиан дэгдээж, иргэдийн зүгээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж жагсан, огцруулсан байдаг.
Улмаар түүний хүү О.Тэмүүлэн эх орондоо ирж АТГ-т байцаалт мэдүүлэг өгөөд байсан. Тэгвэл уг асуудлыг шалгаж дуусаад АТГ-аас өчигдөр мэдээлэл гаргасан юм. Мэдээлэлдээ "Иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна" гэжээ.
Мөн “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нар нь Б.Баатар, А.Амундра нар юм. Тодруулбал, О.Тэмүүлэн нь “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарын компанийн орлогоос мөнгө авсан нь үнэн. Энэ нь хууль ёсных гэдгийг тогтоосон бол “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлого, зарлага, гүйлгээ нь хууль ёсных эсэх шалгалтын мөрдөн байцаалтын ажиллагаа одоо үргэлжилж байгаа юм байна.