"Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд амарч буй хүүхдүүд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгджээ" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар "Найрамдлын эрдэнэс" хүүхдийн зуслангаас тодруулахад, "Зусланд 322 хүүхэд амарч байгаа. Энэ 15-ны өдрийн хоолны дараа, 16.00 цагийн тарагны дараа зарим хүүхдүүдийн гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд үзүүлсэн бөгөөд халуурсан 5 хүүхдийг Эрдэнэтийн халдвартын эмчид үзүүлсэн. Нийт 64 хүүхэд үзүүлсний 13 хүүхэд, 3 багш гэдэс нь өвдөж, зовиурлах, бие нь сульдах, халуурсан шинж тэмдэгтэй байсан тул Халдвартад очиж үзүүлж, онош тодруулж байна. 5 хүүхдийг вирусын гаралтай ханиад, 3 хүүхдийг хоолны хордлого /1 нь хүнд, 2 хөнгөн хэлбэртэй/, 5 хүүхэд, 3 багш гэдэсний халдвар байх магадлалтай гэж оношилж байгаа.
Өчигдөр өглөө 3 хүүхэд Эрдэнэт очиж үзүүлсэн нь хоолны хордлого байх магадлалтай гээд шинжилгээ авсан бөгөөд 48 цагийн дотор хариу гарна гэж хэлсэн хариу хүлээж байна. 1 хүүхэд Эрдэнэтэд үлдэж, бусад амрагч болон багш нар буцаж ирсэн ба зуслангаас 1 хүүхдийг эцэг, эх нь ирж авч явсан.
Бид үйлдвэрийн газрын цогцолборын эрүүл ахуйч Н.Мөнхзул, Булган аймгийн ЭМГ-ын халдвар судлаач 2, улсын хяналтын байцааг 2 мэргэжилтэн газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа, арчдас зэрэг ажлууд хийгдэж байна. Ажлын хэсэг зуслангийн хоолны дээжүүдийг лабораторит өгсөн ба зуслангийн мягмар, лхагва гарагуудад ирсэн эргэлтийн бүртгэл, эмнэлгийн анхан шатны тусламжийн эмнэлгийн бүртгэл, үзүүлсэн хүүхдүүдээс тандалт судалгааг хийж байна. Албан ёсоор шинжилгээний хариу, дээжийн шинжилгээ гарч онош тодрохоор мэдээлэл өгнө" гэлээ.