Өнөөдөр ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээр халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо нийт 18 болов.
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байна. Халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй ХӨСҮТ-ийн 13, Цэргийн төв эмнэлгийн гурван эмч ажилтан коронавирусийн халдвар аваад байсан бол өнөөдөр нэмж ХӨСҮТ-ийн халдвартын клиникийн лаборант, ариутгагч хоёроос халдвар илэрснийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Эрүүл мэндийн ажилтнуудаас эдгэрсэн хүн одоогоор байхгүй бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайжирч байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм. Тэрбээр "Эмч ажилчид маань хамгаалах хувцас хэрэгсэлтэйгээ харьцахад сурч, хэвшсэн боловч маш олон хоног ажиллаж ядардаг зэргээс хамаарсан санамсаргүй алдаанаас болж халдварт өртөж байна. Энэ тал дээр ХӨСҮТ тусгайлан арга хэмжээ авч байгаа" хэмээв.