Архангай аймгаас ирсэн иргэдийг PCR шинжилгээгүй, шинжилгээ хийж байж хот руу оруулна хэмээн 22 ийн товчоон дээр саатуулж, хонуулсны улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн хэрэг болох үед тэнд байсан иргэнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу, хотод гэртээ харьж чадсан уу?
-Өчигдөр орой нэг юм харилаа.
-Өчигдөр өглөө Архангайгаас ирсэн иргэн хот руу орж чадахгүй байсаар нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Та энэ хэрэг гарах үед тэнд байсан уу?
-Би байсан. Гэхдээ хүн насбарсан талаар бүр сүүлд нь мэдсэн. Машин машиндаа байсан болохоор сүүлд нь л ийм хэрэг гараад байгааг мэдсэн. 10 цагийн үед гэнэт л машин тэрэг нэмэгдээд, хүн хүч болоод явчихсан. Цагдаа, онцгой байдлын алба хаагчид бужигнаад, машинаасаа бууж болохгүй гэсэн шаардлага тавьж эхэлсэн.
-Тухайн иргэн ямар машинаас зорчиж ирсэн талаар мэдсэн үү?
-Цагаан өнгийн Prius 30 маркийн машин байсан. Урд орой нь ирээд 22 дээр хоносныг нь би харсан.
-Дуудлага дуудаад эмнэлэгийн машин очсон гэсэн. Үүнийг мэдсэн үү?
-Өглөө 9 цаг болох гэж байсан байх. Хоёр түргэний машин ирсэн. Тэгэхэд нь одоо л шинжилгээгээ авах нь дээ гэж бодсон. Гэсэн ч хүний бие муудсан юм байна лээ.
-Нэг иргэн амь насаа алдсан хэрэг гарсан болохоор та бүхнийг оруулчих шиг болсон. Шинжилгээ авсан уу?
-Авсан. Хариугаа хүлээгээд дахиад нэг хонох нь дээ гэж бодож байтал аймагт өгсөн түргэвчилсэн шинжилгээг хараад оруулсан. Ингэх л байсан юм бол бүгдийг анхнаас нь л оруулчихгүй. Би л гэхэд 22-ийн товчоон дээр 28 цаг суусан.
-Та хувийн машинаараа зорчиж ирсэн үү. Ямар хүмүүстэй хамт ирсэн бэ?
-Тэгсэн. Эмээтэйгээ хамт ирсэн. Аймгаас гарахад хот руу орохдоо дахиад шинжилгээ өгнө, хүлээнэ, хүнсээ бэлдээрэй гэсэн юм хэлээгүй. Хүмүүс түргэвчилсэн шинжилгээ өгчихөөд ирсэн учраас түүнийгээ үзүүлнэ гэсэн итгэлтэй шууд л постоор орох гээд очихоор л буцаагаад байсан. Анхнаасаа мэдэж байсан бол тэгэхгүй шүү дээ.
-Шинжилгээ авч байж хот руу оруулна гэж хэлсэн гэсэн. 22 ийн товчооны цаана та бүхнийг машинаасаа бууж болохгүй гэх зэрэг шаардлага тавьж байсан уу?
-Тийм зүйл байгаагүй. Угаасаа машинаасаа удаан буух аргагүй хүйтэн байсан. Хүмүүс ганц нэг бууж, бие засах гэж л хөлдөхөө шахаж байсан. Машин унтраавал л хөлдчих гээд үнэхээр хүйтэн байсан. Өчигдөр өглөө бол машиндаа суу, суу гээд байсан. Тэгэхэд хүн нас барсан байсан юм билээ.
-Эмээтэйгээ ирсэн гэсэн. Замдаа болон хүлээн хугацаанд та бүхэнд асуудал гарсан уу?
-Гарсан. Миний машин газаар явдаг. Аймгаас гарахдаа банкаа дүүргээд гарсан чинь товчоон дээр ирэхдээ гурван зураас үлдчихсэн. Орой нормалдаад хоновол газгүй болчих гээд цагдаа нараас “Хотоос шинжилгээ өгсөн хүн дуудаад газ хийлгүүлье. Настай хүнтэй яваа. Шөнө газгүй болчих гээд байна” гэж гуйсан чинь тийм юм байхгүй, бензин машин авч ирүүлээд нормалдаад суу гэсэн. Тэгээд хүн гуйж бензин машин авч ирүүлж нормалдаж хоносон. Эмээлт дээр газ байдаггүй юм байна лээ. Хүний машин гуйгаад бензинийг нь хийгээд дээр нь хөлсийг нь өгсөн. Мэдсэн бол замдаа Лүнгээс банкаа дүүргэх байсан. Юу ч мэдээгүй ороод ирсэн болохоор хоол хүнсний асуудал бол гарсан.
Хөгшин настай хүн машинд хонохоор цаанаасаа л тухгүй. Паараа тавихаар даралт нь ихсээд. Эмээ харин уудаг эмнүүдээ сайн авсан тулдаа л тэссэн.