УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 12 их наяд 934.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 12 их наяд 529.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 415.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус байнгын хороонд харьяалагдах 3 төсвийн ерөнхийлөн захирагчийн 312 төсөл, арга хэмжээнд 415.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 72.3%-ийн биелэлттэй гарчээ.
Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд. өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны батлагдсан төсвийн урсгал зардлаас 32.6 тэрбум, хөрөнгийн зардлаас 3.5 тэрбум, нийт 36.1 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ. Мөн салбарын төрийн албан хаагчдын тоог 541-ээр цомхотгохоор тусгасан байна.
Эрүүл мэндийн сайдын багцын 2025 оны батлагдсан төсвийн урсгал зардлаас 81.2 тэрбум, хөрөнгийн зардлаас 69.9 тэрбум, нийт 151.1 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ. Мөн салбарын төрийн албан хаагчдын тоог багш, эмч нараас бусад орон тоог 2,651-ээр цомхотгохоор тусгасан байна.