Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас тус байнгын хороонд хамааралтай 3 салбарын сайд нарын буюу төсвийн ерөнхийлөн захирагчдын гүйцэтгэлийн тайланд хийсэн шалгалтыг Монгол улсын ерөнхий аудитор танилцуулж, гишүүд дүгнэлттэй холбоотой асуулт асууж, саналаа хэллээ.
2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ. Дотоодод зохиогдох олон улсын спортын тэмцээнүүдийн төсвийг хасах, соёл урлагийн салбар болон боловсролын салбарт ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдыг цөөрүүлэх нь хэр зөв шийдэл вэ? гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлж байлаа.
Ирэх жилийг Монгол Улс “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлыг угтаж хийх ажлуудын зардал буурч байна. Боловсролын салбарт танагдаж байгаа зардал хаана, яаж нөлөөлөх вэ? хүрэлцэхгүй байгаа багш нарын хүний нөөцийн хүрэлцээнд нөлөөлөх үү? гэдэг асуулт ч хуралдааны явцад гарсан юм.
Боловсролын зээлийн сангийн төсвөөс маш бага хэмжээтэй хасагдаж байна. Мөн БСШУСБХ-оос хаврын чуулганаар зээлийн сангийн журмыг баталж өгсөн. Зээлийн эргэн төлөлт 8 тэрбум төгрөгт хүрсэн. Гэтэл Боловсролын зээлийн сангийн хүртээмж нэмэгдэхгүй, иргэдэд хүндрэл дагуулж байгаа асуудлыг хөндлөө. Боловсролын зээлийн сангийн удирдлагуудын тайлбараас харахад хүний оролцоогүйгээр сонгон шалгаруулалт хийдэг болсон бөгөөд хуурамч материал бүрдүүлэх эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэв.
Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийг бууруулах нь одоо ч олон улсын дунджаас хамаагүй бага тоотой ажилладаг судалгааны байгууллагуудын нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл байгааг хөндлөө.
Зарчмын зөрүүтэй 4 санал ирж, гишүүд санал хураалаа. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын хөгжлийн сайдын багцад 100 мянган хүн сургалтад хамруулна гэснийг 15 мянга болгон цөөрүүлэх саналыг салбарын сайд гаргалаа. Тэрээр өмнөх жил 10 мянган хүн хамруулж байсныг дурдлаа. Мөн аялал жуулчлалын салбарын индексийг бууруулах, салбарын ажлын үр дүнгийн хүрэх зорилтыг 30 хувь болгох зэрэг санал гаргаж байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ. Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.