Улс төрийн “зодоон” далд хэлбэртээ шилжиж, Ардын нам доторх үе хоорондын зөрчил алсуураа улам бүр зузаарч байна. Л.Оюун-Эрдэнийг огцруулахтай зэрэгцэж эхэлсэн өнөөх “70, 80”-ынхны толхилцоон наадмын дараа нэлээн хурц хэлбэрт шилжих төлөв ажиглагдаж эхэллээ.
Ер нь ирэх намрын улс төр Ерөнхий сайдыг огцруулах акц явах уу, УИХ-ын даргыг унагах хөдөлгөөн эхлэх үү гэдэг дээрээ тулж мэднэ. Эсвэл талууд нэмж шарх авахаасаа сэргийлж нэг хэсэгтээ ойлголцоод явах байх. Гэхдээ ойлголцол нь нэг их урт удаан настай байхгүй нь ойлгомжтой.
Ямар ч байсан МАН-ын улс төр, цаашлаад Монголын улс төрд жин дарах эрх мэдлийг аль үе гартаа авах вэ гэдэг тулаан заавал өрнөнө. Сая нэг хэсэг эрх мэдлээ алдсан “70 оныхон” буцаад нэгдчихсэн. Эрх мэдлээ олчихсон байгаа. Харин бүхэл бүтэн үеэ хөлдөө чирч мэдэх хэмжээнд ирээд буй Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй, Д.Амарбаясгалан нарын “80 оныхон” буланд шахуулсан тул түгшүүрийн дохиогоо хангинуулж гэрт, гадаагүй нягтарцгааж байна. Энэ нягтрал нь ямар байсан бүлгийн дарга дээр Ерөнхийлөгч болон “70 оны” ах нарынхаа бодлогыг унагаж Ж.Бат-Эрдэнийг заалнаас нэр дэвшүүлэн сонгуульж чадсан. Улмаар бүлгийн дэд даргаар өчигдөр Э.Болормааг томилуулав. Өмнө нь Г.Тэмүүлэнг ашиглаад бага хурал дээрээ намынхандаа нэг дохио өгсөн.
Харин энэ хооронд Ерөнхийлөгчийг урдаа барьсан ах нар нь дараагийн дайралтаа төлөвлөлж, урьдчилгаа болсон улс төрөө явуулаад эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын дарга Х.Нямбаатарын тэргүүлж буй нийслэлийн албан тушаалтнуудын араас хуулийнхны томоохон хэмжээний шалгалт орсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Х.Нямбаатарын тэргүүлж буй Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөр, 24 мега төсөл, автозам болон бусад тендер, орон нутгийн өмчит компаниуд гээд олон урсгал чиглэлээр хуулийнхан шалгалтын ажиллагааг ил далдаар зохион байгуулж эхэлсэн бололтой. Хэрэв анзаарсан бол өчигдөр АТГ-аас Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг шалгах шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаарх мэдээлэл гарсан. Үүнийг АТГ-ынхан ч ҮНЭН хэмээн нотолсон.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Ерөнхий архитектор дээр явуулж буй шалгалтын ажиллагаа бол мөсөн уулын эхлэл бөгөөд тун удахгүй энэхүү утасны үзүүр Хотын дарга Х.Нямбаатар руу чиглэх эрсдэлтэй юм.
Учир нь Х.Нямбаатар Хотын дарга болсон цагаасаа хойш багагүй мөнгөн дүнтэй төслүүдийг хэрэгжүүлсэн. Засгийн газрын зүгээс үзүүлсэн төсөв санхүү болон хуулийн бодлогын дэмжлэг, улс төрийн дэмжлэгээр багагүй хөрөнгө мөнгө нийслэлд захиран зарцуулсан. Том төсөл, том мөнгөний ард өөрөөс нь гадна эргэн тойрныхон хүмүүсээс нь эхлүүлээд эрх ашгаа шингээх гэсэн санаархал манайд бишгүй дээ бий. Магадгүй зарим төрлийн мэдээллийг ч хуулийн авсан учраас шалгалтын ажиллагаа явуулж байхыг үгүйсгэхгүй.
Дээр нь нэмээд улс төр талаас нь харахад Нийслэлийн Монгол Ардын намын гэдэг бол Ардын намын хамгийн том бодлогын тавцан. Цагаан идээгээр бол өрөм, тос нь гэсэн үг. Ирэх сонгуульд нөгөө талд гарчихсан байгаа хүнд нийт сонгогчдын тал нь аж төрдөг нийслэлийг даатгаад орно гэдэг бол том эрсдэл. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зүгээс энэ намын хороог өмнөх Ерөнхий сайдын талын хүн болох Х.Нямбаатарт удаан байлгахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс улс төр болон үйл баримтуудын нэгдэл нийлж тун удахгүй нийслэлийн улс төрийг нэлээн “шатаах” бололтой.
Харин ХЗДХ-ийн сайдаар багагүй хугацаанд ажиллаж хуулийнхан дунд багагүй нөлөө тогтоосон байж болохуйц Х.Нямбаатар тэргүүтэй хотыг шалгах хуулийнхны үйл явц хэр хурдтай бөгөөд үр дүнтэй байх вэ. Мөн Ерөнхийлөгч тэргүүтэй ах нартайгаа Х.Нямбаатар ойлголцох хэмжээний улс төрөө хэр сайн “зуурах” бол гэдгээс л бүх зүйл хамаарна.
Ер нь бол төсвийн үр ашиггүй зарцуулалтаас эхлээд хотын том мөнгөн дүнтэй ажил бүрийг нэг шалгаад үзэхэд буруудах юмгүй. “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэдэг шиг зүйл гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Ирэх намрын улс төр тун ч сонирхолтой бөгөөд дуулиантай өрнөхөөр шинжтэй. Наадмын дараа намар биш улс төр эхэлнэ.