Хаана аюул учирна, хаана хүний амь эрсдэлд орно, хаана гамшигт үзэгдэл болно, хаана аврал хэрэгтэй байна тэр бүрд тушаал авч аюултай тулалддаг алба бол Онцгой байдлын алба. Тэдэнд ч бас үрэгдэх амь, хоргодох гэр бүл байдаг ч гэлээ бусдын амь нас, бусдын гэр бүлийн төлөө өөрийгөө золиослох эр зориг, үүрэг хариуцлага оноогддог хатуу алба. Тэдэнд шалтаг хэлэх, нэг удаа хойш сууя гэх эрх ч байхгүй, сэтгэл ч байхгүй. Тушаал авсан бол тулаанд бэлэн байх тангарагтай мөрдэст эрс.
161 удаагийн нислэгээр 214 иргэний амийг аварчээ
Гэнэтийн осол аваар, гал түймэр, үер ус, давагдашгүй байгалийн гамшигтай хүний амины төлөө өөрийн амийг хайрлалгүй тулалддаг энэ албанд угтаа бол техник хэрэгсэл, хувцас тоноглол хамгийн сайн байх учиртай. Гэвч саяхныг хүртэл Монгол Улсын Онцгой байдлын алба өөрийн гэсэн нисдэг тэрэг болон нисгэгчгүй байлаа. Газраар очих боломжгүй, яаралтай нөхцөл байдал үүссэн үед Хил хамгаалах байгууллага болон, Зэвсэгт хүчний нисдэг тэргийг нисгэгчийн хамт аврах ажиллагаанд дайчилдаг байсан аж.
Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулснаар Онцгой байдлын алба түүхэндээ анх удаа өөрийн гэсэн агаарын аврах багтай болжээ. Онцгой байдлын алба нисдэг тэрэгтэй болж, нисгэгчдийг ч бэлтгэж эхэлсэн байна. Ингэж 2023 оноос агаараас аврах баг анхны дуудлагаа авч, өнөөдрийг хүртэл нийт 161 удаагийн нислэгээр 214 хүний амийг нисдэг тэргээр зорчин аварсан байна. Агаараас аврах анги байгуулагдаад удаагүй учраас энэ хугацаанд нислэгийг Францын нисгэгчдийн удирдлага дор гүйцэтгэж байжээ. Монгол Улсын Онцгой байдлын албаны агаараас аврах багийг чадавхжуулахад БНФУ-ын нисэх хүчний улсдаа эхний 2-т эрэмбэлэгддэг нисгэгчид болон агаараас аврах шилмэл баг дэмжлэг үзүүлж, Монголын алба хаагчдыг сургаж байгаа юм.

Монгол Улс болон БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, энэ хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын албанд нийт 10 гаруй нисгэгчийг бэлтгэж байгаагаас одоогийн байдлаар онцгой нөхцөлд, бие даан нисэх эрхээ албан ёсоор авсан 2 нисгэгч байгаа юм. Онцгой байдлын аврах ажиллагааны нисгэгч гэдэг хүнд нөхцөлд нислэг үйлдэж, хүний амь нас аврах ажиллагаанд оролцдог учраас энгийн нисгэгчээс хэд дахин илүү ур чадварыг шаарддаг байна. Тэгвэл 20 гаруйхан настай хоёр монгол залуу энэ ур чадварыг эзэмшиж, гал ус, гамшигт ослын хүнд нөхцлүүдэд нислэг үйлдэж, эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд зүтгэж байна. Тэд Монгол Улсын Онцгой байдлын албаны анхны нисгэгчид болж, түүхэнд бичигдэх хувь тохиолын эзэд юм.
Б.Түвшинбаяр: Монголын агаарын түргэн тусламж дэлхийд биш юм гэхэд Азид тэргүүлдэг болохыг мөрөөддөг
Онцгой нөхцөлд нислэг үйлдэж, аврал эрсэн бүхний аврагч болох хүндтэй бас хариуцлагатай үүргийн анхны шанг татаж буй Онцгой байдлын албаны анхны нисгэгч, нислэгийн албаны дарга Б.Түвшинбаяр ийн ярьж байна.
“2019 оноос төсөл хэрэгжиж эхлэхэд сонгон шалгаруулалтад орж, Франц нисгэгчдийн удирдлага доор энэ хариуцлагатай мэргэжлийг эзэмшиж, аврах ажиллагаанд зүтгэх болсондоо маш их баярладаг. Тэр дундаа онцгой байдлын албаны анхны нисгэгч болж байгаа минь бахархал бас их хариуцлага гэж боддог. Цаашдаа Монгол Улс агаарын аврах ажиллагаагаар дэлхийд биш юм гэхэд Азидаа тэргүүлдэг болохыг мөрөөддөг. Миний хувьд нийт 500 цагийн нислэг үйлдэж, 21 хүний амь насыг аварсан. Машин болон далавчит онгоц очих боломжгүй бүх төрлийн газраас, амь нас нь цаг, минутаар хэмжигдэж байгаа нэрвэгдэгчийг аврах үүргийг бид хүлээдэг. Хаанаас, ямар нөхцлөөс, ямар байдалд байгаа нэрвэгдэгчийг аврах вэ гэдгээс шалтгаалж агаарын хөлгөө тоноглодог. Нисдэг тэрэг буух боломжгүй нөхцөлд өндрөөс аврах төхөөрөмжөөр эмч болон аврагчаа буулгаад, нэрвэгдэгчийг татан гаргах үйл ажиллагаа явуулдаг. Нэрвэгдэгчийн биеийн байдал хүнд байх л хамгийн хэцүү санагддаг” хэмээв.

Монгол нисгэгчдийг Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд бэлтгэж байгаа нь хамгийн том давуу тал болохыг Франц багш нар онцолж байлаа. Мөн төслийн хүрээнд зөвхөн нисгэгч биш нисдэг тэрэгний засвар үйлчилгээ, инженер техникийн боловсон хүчин, эмч, сувилагчдыг иж бүрнээр нь бэлтгэж байгаа юм. Аврах ажиллагааны багийн чухал үүргийг хүлээдэг хүн бол эмч. Тэгвэл 111-р ангид одоогоор 4 эмч, 4 сувилагч аврах ажиллагаанд оролцон, үүрэг гүйцэтгэж байгаагийн нэг нь Н.Маргад-Эрдэнэ юм.
Н.Маргал-Эрдэнэ Биеийн байдал нь хүнд хүмүүсээс сонголт хийж тээвэрлэх нөхцөлд орсон үе хамгийн хэцүү байсан
Тус ангийн аврах багийн эмч, 50 гаруй удаагийн нислэгээр 70 гаруй иргэнийг аварч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн эмч Н.Маргад-Эрдэнэ “Нисдэг тэргээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах сургалтад 50 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа. Миний хувьд 2022 оны 6-р сараас энэ ангид ажиллаж, аврах үйл ажиллагаанд зүтгэж байна. Энэ хугацаанд хамгийн хүнд нөхцөлд орж байсан үе гэвэл Завхан аймгийн Сонгино суманд дуудлагаар очсон тохиолдол. Тэр үед хоёр хүн тээвэрлэнэ гээд очтол газар дээрээ маш олон хүний биеийн байдал муу байсан. Тэгээд нисэх багтайгаа зөвшилцөж, шийдвэр гаргаад хүнд нөхцөлд байсан 4 том хүнийг тээвэрлэж, 1 хүүхдийг нь би өөрөө тэврээд дараагийн шатлалд хүргэж өгч байсан. Тэр үед эмч хүний хувьд хүнд нөхцөлд байгаа хүмүүсээс сонголт хийж авч явах асуудалтай нүүр тулж, одоо бодоход тэр нөхцөл хамгийн хэцүү байсан санагдаж байна” хэмээн ярилаа.

“Нисдэг тэрэгт яаралтай тусламжийн сургалт”-ыг зохион байгууллаа
БНФУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Нисдэг тэрэгт яаралтай тусламжийн сургалт”-ыг Агаараас эрэн хайх, аврах 111-р ангид зохион байгууллаа. Сургалтыг БНФУ-ын Анагаах ухааны академийн сангийн нисгэгч, эмч, сувилагч нар удирдан явуулжээ. Сургалтад онцгой байдлын албаны 100 гаруй алба хаагч хамрагдсан байна.

Сандра Лантелм: Нисдэг тэрэгт түргэн тусламжийн үед зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийг онол болон практикаар харуулахыг хичээлээ
Тус сургалтын талаар уулын аврах ажиллагаанд 25 жил ажиллаж байгаа, Францын Яаралтай түргэн тусламжийн эмч Сандра Лантелм “Анх удаа Монгол Улсад явуулж байгаа энэ сургалтаар нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлэх үед эмч нар болон аврах баг ямар зүйлсийг баримтлах ёстой, эрсдэлтэй тал нь юу, ашигтай тал нь юу байдаг вэ гэдгийг онолын болон практик дээр тайлбарлахыг хичээлээ. Монголд нисдэг тэрэгт түргэн тусламжийн үйлчилгээ дөнгөж эхэлж байна. Зарим төрлийн эмчилгээг агаарт хийж болдоггүй. Тиймээс энэ төрлийн тусламжийн хувьд зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийг энэ сургалтаар заасан. Ийм төрлийн эмчилгээг агаарт хийж болдоггүй, аврах ажиллагаанд ийм ийм зүйлсийг бэлтгэж явах ёстой, ийм нөхцөлд, ийм эрсдэл үүсдэг шүү гэдгийг энэ сургалтаар практикаар үзүүлэхийг хичээлээ” гэв.

Харин сургалтын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, сургалт дадлагын үйл ажиллагаатай танилцсан юм.
Шадар сайд С.Амарсайхан: Бүс тус бүрт агаараас эрэн хайх, аврах баазыг байгуулна
-Нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэх олон улсын шинэ стандартыг бодитоор нэвтрүүлж хэрэглээнд оруулж байгаа нь маш чухал. Энэ чиглэлийн дэлхийн хэмжээний баг ирж манай улсын алба хаагчдыг сургаж байгаа нь чухал. Онцгой байдлын 111-р ангид одоогоор нийт 4 нисдэг тэрэг тусламж, үйлчилгээнд явж байна. Цаашдаа бид илүү том оврын, хүчин чадал өндөртэй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд нислэг үйлдэх чадвартай нисдэг тэрэг авах судалгаагаа хийж байна. Нэг нисдэг тэрэг дунджаар 10 орчим сая еврогийн үнэтэй байдаг юм билээ. Хүчин чадал болон оноосоо шалтгаалаад үнэ нь харьцангуй өөр. Ойрын 3 жилдээ багтаад Улаанбаатар хотоос гадна 6 бүсдээ бүсийн агаарын эрэн хайх, аврах баазуудаа байгуулна. Нисдэг тэргээр аврах үйл ажиллагааны өртөг маш өндөр. Зайлшгүй шаардлагатай нөхцлийн журмаар зардал нь төсөв суугаад явна. Харин иргэд хувиараа энэ төрлийн үйлчилгээг авъя гэвэл цагийн 3.2 сая төгрөг байдаг юм билээ.

Г.Ариунбуян: Алба хаагчдаа дунд болон урт хугацаагаар Франц улсад сургана
- Агаараас эрэн хайх, аврах 111-р анги байгуулагдсанаасаа эхлээд агаарын хөлөгт ажиллах, нисгэгч, инженер техникийн ажилтнуудаа үе шаттай бэлтгэж байна. Франц Монголын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 3 сарын хугацаанд 1000 гаруй цагийн сургалтыг зохион байгууллаа. Одооноос манай алба хаагчид бие дааж үүрэг гүйцэтгэнэ. Мөн агаарын хөлгийг задлах, угсрах, засвар үйлчилгээг хийх ажлыг манай алба хаагчид бие дааж гүйцэтгэнэ. Алба хаагчдаа, дунд болон урт хугацаандаа Франц улсад сургах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Онцгой байдлын албаны төсөв 100-115 дахин нэмэгдсэн. Үр дүнд нь техникийн хангалт 60 гаруй хувьтай, хувцас хэрэглэл 48 хувьтай байна.

Ийнхүү Монгол Улсын Онцгой байдлын алба түүхэндээ анх удаа нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэх мэргэшсэн багтай болж, бие даан агаарын түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэж эхэллээ. Онцгой байдлыг алба хаагчид одоо тушаал аваад "тулаанд" ороход бэлэн...


