
“Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, “Душанбе-2025” их дуулгын аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг эх орондоо ирсэн даруйд нь тосон уулзаж, ярилцлаа.
"Энэ хүртэлх зам дардан, шулуун байгаагүй. Илүү том зорилго тээж байгаа. Бүх чадлаараа хичээж бэлтгэл сургуулилтаа хийнэ" гэдгээ ярилцлагын үеэр онцоллоо.
Мөн тэрбээр, бэртэлтэй байх нэг жилийн хугацаанд хүн бүр өөрөөс нь нүүр буруулсан юм шиг хөндүүр мэдрэмжийг төрүүлж, маш их ганцаардсан ч зогсолтгүй хичээж энд хүрсэн гэдгээ нулимсаа залгин бидэнд хуваалцсан юм.
/ВИДЕО ЯРИЛЦЛАГЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ/
-ДАШТ-д амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн болоод эх орондоо ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-ДАШТ-д түрүүлэх зорилготой, медаль авна гэсэн бүрэн итгэлтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийсэн. Энэ медалийг авахын тулд өнөөдрийг хүртэл маш их хичээсэн болохоор сэтгэгдэл маш гоё байна.

-Хүрэл медалийг олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж авсан. Тэр цаг мөчийг энэ цагт эргээд дурсвал?
-Манай доод жингээс өгсөж орж ирсэн домогт аваргатай хүрэл медалийн төлөөх барилдаанаа хийсэн. Би ялна гэдэгтээ итгэлтэй гарсан. Тийм ч учраас цаг дуусахаас өмнөхөн үүрч, вазари авсан. Цаг дуусахад 4 секунд үлдсэн байсан учраас багш маань "Тайван тулаад зогсоорой" гэж хэлсэн. Багшийнхаа зөвлөгөөг дагаад цаг дуусахад, сэтгэл хөөрөөд "Би чадлаа" гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж байсан.

-Жүдо бөхийн спортоор хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?
-Хамгийн анх 2007 онд Хэнтий аймгийн нэгдүгээр сургуулийн биеийн тамирын багш маань надад энэ спортоор хичээллэх санал тавьсан. Бэлтгэл хийж үзээд маш их таалагдсан учраас хичээллэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 18 жил тасралтгүй хичээллэж байна.
"МАШ ИХ ЗҮЙЛИЙГ ТУНГААН БОДСОН ХОЁР ЖИЛ БАЙЛАА"
-Дэлхийн аваргын татами дээр медалиа зүүгээд зогсох тэр мэдрэмж мэдээж маш нандин гоё мэдрэмж байх?
-Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж хэлнэ гэдэг хэцүү. Маш гоё байсан гэдэг үгс ч бүрэн илэрхийлж чадахгүй байх. Яг тэр үед "Би чадчихлаа" гэсэн бодолтойгоор гараад "Үүнээс ч илүү боломж байгаа. Илүү гарч чадна. Дахиад ч хичээнэ" гэсэн бодол тээгээд бууж ирсэн.
-Бэртлээсээ эргэж ирээд хоёр ч том тэмцээний ард амжилттай гарлаа. Одоо бэртэл нь бүрэн эдгэрсэн гэж ойлгож болох уу?
-2022 оноос хойш мөрний бэртэлтэй яваад 2024 онд хагалгаанд орсон. Одоогоор мөр маань гүйцэд эдгэрсэн гэсэн бүрэн итгэлтэй болж чадаагүй байна. Өмнө нь шилдэж барилддаг байсан. Шилээ авч барилдаж сайн чадахгүй байгаа ч бага багаар сайжирч байгаа. Тэмцээнд орох болгондоо л мөрний маань бэртэл зүгээр болж байна даа гэсэн итгэлийг олж авч, өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж байгаа. Тэгэхээр цаашид илүү өөртөө итгэлтэйгээр тэмцээнүүддээ оролцож, амжилт гаргана гэж бодож байна.
-"Душанбе их дуулга"-ын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Удаан хугацааны дараа бэртлээсээ эргэн ирж барилдаад алтан медаль хүртсэн шүү дээ?
-2024 оны тавдугаар сард хамгийн сүүлд олон улсын тэмцээнд ороод бараг жилийн дараа "Душанбе их дуулга"-д орсон. Айдастай байсан ч өөрийгөө маш их хурцалсан. "Энэ тэмцээнд орохын тулд би маш хурдан хагалгаанд орж, маш их зүйлийг туулж, хичээсэн шүү. Заавал ялах ёстой" гэж барилдаан болгоныхоо өмнө өөртөө хэлж байсан. Өөртөө амласан амлалтаа 100 хувь биелүүлж, бүх өрсөлдөгчөө ялаад түрүүлсэн болохоор үнэхээр гоё байсан.
-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл гэдэг. Бэртэлтэй байсан нэг жилийн хугацаа хэр хүнд байсан бэ?
-Тамирчин хүний хамгийн хэцүү үе нь бэртчихсэн байх үе л байдаг. Бэртлийн дараа юу хийхээ мэдэхгүй байх, багш нар тоохгүй байх мэдрэмж хамгийн хүнд санагддаг юм байна лээ. Түүнээс гадна сошиал дайралтууд бас маш их ирдэг. Гэхдээ тэрийг бол нэг их тоодоггүй. Тэр хүмүүс миний амьдралаар амьдарч үзээгүй. Миний туулж байгаа зовлон, жаргалыг мэдэрч чадахгүйгээс хойш тийм зүйлд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Намайг муулаад стресс нь тайлагдаад тайвширч байвал болоодоо л гэж боддог.
-Хэр их ганцаардсан бэ?
-Бэртэлтэй үед маш их ганцаардсан. Хүмүүс намайг юу гэж муу хэлэх нь надад огт хамаагүй. Зорьсон зорилгынхоо төлөө юу ч хийж чадахгүй. Өөрийн хүссэнээр бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаадаа л өөртөө маш их бухимддаг байсан. Хамт бэлтгэл хийдэг хүмүүс маань гоё барилдаад, хүссэн бэлтгэлээ хийж байхад би мөрний дасгал л хийдэг байсан. Манайхан надад бүр "хана арчигч" гэдэг хоч хүртэл өгчихсөн байсан. Тийм байгаадаа маш их стресстэж, бухимддаг байсан ч сэтгэлзүйчтэй уулзаж ярилцаад, өөртэйгөө илүү ажиллаад тэр бүх зүйлийг давж гарч чадсан.
"НАМАЙГ ХҮМҮҮС "МОД" Л ГЭЭД БАЙДАГ ЮМ. "МОД" ХҮНИЙГ ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА ЗАЛУУЧУУД ДЭЭШЭЭ ГАРААД ӨРСӨЛДӨГЧӨӨ ДИЙЛЭХ БОЛОВ УУ"
-Багш нар тоохгүй байх мэдрэмж хамгийн хэцүү байдаг гэсэн. Энэ талаар асууж болох уу. Яагаад танд тийм мэдрэмж төрсөн юм бол?
-Хамгийн анх мөрөө мулталчхаад монголд ирсний дараа тийм мэдрэмж төрсөн. Намайг ирснээс яг сарын дараа ДАШТ болох байсан учраас намайг дуудах болов уу, оруулах болов уу гээд маш их хүлээлттэй байсан. Гэтэл ямар ч багш "За мөр чинь яаж байна" гэж асуугаагүй. "Ирээд тийм дасгал хий" гэж хэлэхгүй байсан нь хэцүү байсан. Хамгийн анхны мултрал болохоор яг ямар дасгал хийх ёстойгоо сайн мэдэхгүй байсан учраас маш их ганцаардлыг мэдэрсэн. Тийм ч учраас маш их уурлаж, бухимддаг байсан. Магадгүй ууртай байсан болохоор ч багш нар маань надад ойртож чаддаггүй байсан байж магадгүй. Эхэндээ маш их гомдож, бухимддаг байсан ч тайвшрах хугацаа хэрэгтэй гэж бодоод хүлээсэн байх гэж боддог болсон. Маш их зүйлийг бодож тунгаасан хоёр жил байлаа.
-Сошиал орчинд ямар дайралт их ирдэг байв. Танд хаяглагдаж ирдэг тэр үгсэд яг одоо хариулт хэлж, тайлбар өгөөч гэвэл та юуг онцолж хэлмээр байна?
-Зөв шүүмжлэлийг бол хүлээж авч, хурцлагддаг. Доромжлол бол өөр хэрэг. Намайг бэртсэнээс хойш "Дүү нартаа зайгаа тавьж өг, дүү нараа гаргаж ир, хойч үеэ бэлд" гэдэг үгийг маш их хэлдэг болсон байна лээ. Дүү нар гарч ирээд намайг дийлээд, чадаж байвал зайгаа тавьж өгнө. Угаасаа л спорт гэдэг чинь хэн ялсан нь дээшээ гарч ирдэг. Гэтэл олон улсын тэмцээнд дүү нарыгаа явуулсангүй өөрөө явлаа гээд байдгийг би ойлгодоггүй. Намайг ялаад, эрхээ аваад явах боломж нь нээлттэй байгаа. Гэтэл намайг дийлэхгүй байгаа хүмүүс олон улсын тэмцээнд очоод өрсөлдөгчөө дийлэх болов уу. Намайг "мод" л гээд байдаг юм. "Мод" хүнийг дийлэхгүй байгаа хүмүүс дээшээ гараад өрсөлдөгчдөө дийлэх болов уу. Тэр талаар бодвол зүгээр юм болов уу гэж бодож байна.
-Том тэмцээний ард амжилттай гараад эх орондоо ирлээ. Одоо хэсэг сайхан амрах уу. Эсвэл шууд бэлтгэлдээ гарах уу?
-ТОП-6 болох гэж байгаа учраас шууд бэлтгэлдээ орно. Ер нь жүдогоор хичээллэж, эхэлснээс хойш удаан хугацаанд амарч байсан тохиолдол их ховор. Тэмцээн, бэлтгэл, тэмцээн гэсэн циклээр л амьдарч ирсэн. 18 жил хичээллэхдээ бэртэж байж л маш удаан амарлаа. Бараг жил гаран амарчихлаа.
-Дараагийн зорилго юу байна?
-Дараагийн том тэмцээн гэвэл долоодугаар сарын сүүлээр "Ulaanbaatar grand slam", он гараад цуврал тэмцээнүүд болно. Дараагийн дэлхийн аварга гээд л үргэлжлэх байх даа.
-Мэдээж олимп гэсэн том зорилго байгаа байх?
-Дахиад бэртчихгүй бол олимп гэсэн том зорилго мэдээж байгаа. Багш нар маань болон холбоо юу гэхнүү. Тэр хүртэл өөрийнхөө бүх боломжийг дайчилж хичээнэ.
