Манай улсын гадаад валютын нөөц шинэ оны босгон дээр 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт болохыг зарлаж байв. Харин энэ амжилтыг хэвээр хадгалах эсэх нь төв банк, Засгийн газарт том сорилт болж буй. Үүний дохио нь ханш чангарч, импорт өсөж, инфляц халах эрсдэл. Ялангуяа, бензиний үнэ нэмэгдэхээр сүү, талхнаас авхуулаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Үүний адил төгрөгийн эсрэг гадаад валютын ханш чангарах бүрт үнийн өсөлтийн дарамт иргэдийн нуруун дээр ачаа нэмж, халаасан дэх хэдэн бор төгрөгийг нь хамаад удаж байна. Импортлогч орны зовлон нь энэ. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь дархлаа унаж, үнэ цэнэгүй болж байгаа нь мөнгө цаас болсныг гэрчилнэ. Хүмүүс ч ингэж ярьсаар, амьжиргаа уруудсаар.
ХӨРСӨН ДООРХ ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ БОДИТООР АШИГЛАЯ

Анхаарал татаж байгаа нь, манай улсын гадаад валютын нөөц таван сарын эцэст таван сая 197.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.14 хувиар өссөн. Харин төгрөгийн эсрэг ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3572.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.6 төгрөгөөр, өмнөх сараас 31.2 төгрөгөөр сулрав. Мөн л төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 495.09 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 27.7 төгрөг, өмнөх сараас 10 төгрөгөөр суларсан нь үүний тод жишээ. Угтаа бол гадаад валютын нөөц хангалттай хэмжээнд бол гадаад валютын эсрэг төгрөгийн ханш чанга байх учиртай. Хэдий валютын нөөц 5 тэрбум ам.доллароос буугаагүй ч төгрөг суларч байгаагийн цаана экспортын орлого, импортын зарлагыг давж чадахгүй төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч буй шалтгаан гол жин дарж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ унасан энэ цаг үед экспортын орлого бүрдэхгүй, импортын өсөлт өндөр хэвээр бол энэ хэмжээгээр дарамт ихэснэ гэсэн үг.
Тиймээс эдийн засаг муудсаныг илтгэх наад захын дохио ханшийн савлагааг барьж, төгрөгийн үнэ цэнийг хадгалах, валютын нөөцөө бүрдүүлэх хамгийн найдвартай гарц нь алт болж хувираад байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн шиг хөрсөн доороо валютын нөөцөө хадгалдаг их хувь заяатай манай улсын хувьд шаргал металлын үнэ өсч байгаа нь ёстой л хонгилын үзүүрт ассан гэрэл шиг найдвар төрүүлж буй юм.
Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй гэгчээр дэлхийн зах зээлд алтны үнэ 3400 ам.доллар шүргэж, цаашид ч гялалзах ирээдүйтэй байгаа үеийг нь ашиглаад “Алт-III” хөтөлбөрөө хөрсөн дээрээ буулгаж, алт олборлолтоо дэмжих байдлаар валютын нөөцөө нэмэгдүүлэх учиртай.
Ингэж чадвал улсын сан хөмрөгөө улайхаас өмнө дүүргэхгүй юм аа гэхэд ахиу болсон нөхцөлд магадгүй эдийн засагчдын таамаглаж байгаа шиг 10 тэрбум ам.долларт хүрч байж л төгрөгийн ханш чангарах биз ээ.
Энэ утгаараа хэт өөдрөг төсөөлсөн төсвийн орлогын дутуугаа засах бус гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд 2025 оны төсөвт тодотгол хийхээр болсныг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын индрээс тодотгосныг энд дурдахгүй өнгөрч болохгүй биз.
Эдийн засгийн цусны эргэлтийг зогсоохгүйн тулд энэ нь нүдээ олсон арга хэмжээ болж байна. Учир нь, геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй өнөөгийн нөхцөлд олон улсад Төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлэх байдлаар нөөц бүрдүүлж байгааг бид хайхрахгүй өнгөрч болохгүй.
АЛТНЫ ҮНЭ ЯМАР ТОХИОЛДОЛД ӨСЧ БАЙВ

Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна. Үнэт металлын үнэ эдийн засаг тогтворгүй үеэр илүү өсдөг гэдэг. Трейдерүүд алтанд хөрөнгө оруулах нь элдэв үнэт цаас ба валют, хувьцаанд хөрөнгө оруулснаас илүү ашигтай бөгөөд үнээ ямагт барьж чаддаг. Энэ утгаараа дэлхийн зах зээлд хямрал нүүрлэсэн үед алтны үнэ гялалзсаар ирсэн. Жишээ нь,
2008 оны арванхоёрдугаар сард дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэхэд долоо хоногийн дотор 9.1 хувиар өсч дээд амжилт тогтоосон.
2020 оны наймдугаар сард алтны үнэ нэг унци нь 1011 ам.долларт хүрсэн нь түүхэндээ рекорд эвдсэн юм. Есөн сарын дотор алтны үнэ 50 гаруй хувиар өссөн нь үнэт металлын тухайд ханшийн эргэлтийн цэг болжээ. Энэ үед дэлхий дахинд ковид-19 цар тахал дэгдэж, дэлхийн улс орнууд нөөц бүрдүүлж эхэлсэнтэй холбоотой үнэ ийнхүү дээд амжилт тогтоожээ.
2023 оны арванхоёрдугаар сард алтны үнэ /арванхоёрдугаар сард/ дээд амжилт тогтоож 2000 ам.доллараас давж дээд амжилт тогтоосон бол 2024 он гарсаар алтны үнэ чангарсаар дөрөвдүгээр сард рекорд тогтоосон нь Ойрх Дорнод, Украин дахь геополитикийн хурцадмал байдал нь шар металлын ханшийн өсөлтийг дэмжсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, Хятадын төв банк болон Энэтхэгт алтны эрэлт, хэрэгцээ өссөнтэй холбон тайлбарлаж байлаа.
2024 оноос хойш шаргал металлын үнэ 45.05 хувиар өсөөд байгаа бол 2025 он гарсаар зургаадугаар сарын байдлаар өмнөх сараас 1.44 хувиар өсч унци нь 3400 ам.доллар шүргээд буй юм. 2025 он гарсаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогын нөлөөгөөр алтны үнэ дээд түвшинээ шинэчилсээр 3000 ам.доллар даваад буй юм. Хэдий эрдэс бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байдаг ч алт нь нүүрс шиг шал арчиж байсан нь түүхэндээ ховор.
Энэ утгаараа манай улсын орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний үнэ унаж, Хятадын тал буруу харсан үед алт аминд орж байсны тод жишээ нь “Алт-II” хөтөлбөрийг цар тахлын үед хэрэгжүүлж байлаа.
Өнөөдөр хэдий хил хаагдаагүй ч нүүрсний хэрэглээгээ Хятадын зах зээл танаж байгаа үед агшсан алтны салбараа сэргээх нь чухал.