
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан, “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаалтын зардлаа бууруулах, хүүгийн татаастай хөнгөлөлттэй зээлд хамрагдах замаар дулаалгын хөрөнгө оруулалт хийх нь одооноос эхлэн орон сууц худалдан авсантай адил татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, “BestGER” шалгуур хангасан амины орон сууцаа худалдах үед үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг 50 хүртэл хувиар бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгодог төрөл бүрийн дулаалгын болон халаалтын хэрэгслүүдийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой болох юм. Ажлын хэсгийн хийсэн судалгаагаар хэрэв нийслэлийн гэр хорооллын бүх орон сууц, байшинг стандартын дагуу дулаалж чадвал 2028 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар, 2032 он гэхэд 80 хүртэл хувиар бууруулах бүрэн боломжтой гэсэн үр дүн гарчээ.