Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Г.Занданшатарын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ..?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
17 минут 6 секунд
Edited by Ubn.mn. Гэрэл зургийг MPA.MN

Гүйцэтгэх засгийн тэргүүнд нэр дэвшигч Г.Занданшатарыг УИХ өнөөдөр Ерөнхий сайдын үүрэгт ажилд нь томилно. Ингээд шинэ Ерөнхий сайдын “зовлон” эхэлнэ. Өмнөх нийтлэлдээ дурдсанчлан улс төрийн ойлголцол, хямралын дохио ойртсон эдийн засгийн нөхцөл байдлыг дээрдүүлэх гээд үнэндээ л балиар хүнд даалгавар түүнд оногдож буй юм. Танхимын гадаа үлдсэн АН-тай хууль, бодлого бүр дээрээ ойлголцох гэж авцаа өгцөө шийднэ. Засагт оруулах ХҮН нам, Үндэсний эвсэлтэйгээ бас багагүй сайдын суудал, чамгүй өндөр ранктай яамдыг өгч байж асуудал явна. Гол нь Г.Занданшатар, У.Хүрэлсүх гэж хоёр хүний гол зорилго нь 2027 оны сонгууль хүртэл Засгийн газраа барьж үлдэх л хамгийн хүнд байх болов уу. Энэ бүхэн нийлээд асар их consesius, яриа хэлцэл дунд явах учраас Г.Занданшатар гэдэг хүнд Ерөнхий сайдын эрх мэдлээ урдаа барьж ямар ч асуудлыг шийдвэрлэхэд хүнд гэсэн үг. Дээр нь нэмээд хоёр хэсэг болж хуваагдсан байгаа намаа эвлүүлнэ гээд үнэхээр л “Зовлон”-гийн Засгийн газар болох нигууртай.

Үүнээс урьтаж шинэ Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлж болох талаар зарим нэгэн анализийг хүргэе. Гэхдээ урьдчилсан байдлаар тул энэ зүйлсийн 85 хувь орчим нь бодитой болох бөгөөд үлдсэн хэсэг нь явцын дунд өрнөх яриа хэлэлцээрээс шалтгаалж бага зэрэг өөрчлөгдөх магадлалтайг сануулъя

НЭГ, “Үндэсний эвсэл”-ийг танхимдаа оруулж чадах уу

Юун түрүүнд ЗГ-ын танхимдаа Үндэсний эвслийг оруулж чадах уу, үгүй юу гэдэг өнцөг. Тэд УИХ доторх 4 суудалтай хэдий ч шулуухан хэлэхэд Ардын нам доторх байр суурь нь хоосон биш гэдгийг сая бүгдээрээ харлаа. Тэргүүн Н.Номтойбаяр нь Г.Занданшатар гарвал ЗГ-т орохгүй, түүнд итгэл төрөхгүй байна гэдэг өнцөгтэй ярилцлагыг Бага хурал болдог өдөр өгч байсан. Тиймээс тэдэнд хангалттай сайдын суудал, бодпогын ойлголцол явж байж л ЗГ-т орно гэсэн үг. Хэрвээ эвсэл ЗГ-т орохгүй бол үнэхээр хоромхон хугацааны настай кабинет болж мэдэх аюултай.

ХОЁР, Яамгүй сайд нарын орон тоог цомхтгоно

Үүнээс гадна 20 минутын хот Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хяналт, үнэлгээний Үндэсний хороо гэсэн яамгүй сайд нарын орон тоог байхгүй болгоно. Дээр нь нэмээд, Ч.Номин сайдын хариуцаж байсан ССАЖЗЯ-ыг татан буулгаж магадгүй гэх яриа өрнөж байна. Гэхдээ үлдээгээд нэг гишүүнийг танхимдаа татах нь уг нь зөв байх.

ГУРАВ, Найман хүн оролцож, ойлголцож байж байгуулагдах ЗГ

Хамгийн олон хүмүүсийн оролцож, санал бодол нэгдэж байж байгуулагдах Засгийн газар болно. Үүнд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд болох Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Намын даргаар үлдэж буй Л.Оюун-Эрдэнэ, генсек Я.Содбаатар болон Т.Доржханд, Н.Номтойбаяр, Б.Батбаатар гээд найман хүн сайд нар дээр тохирно. Мэдээж гол тоглогч, эцсийн шийдвэр гаргагч нь Ерөнхийлөгч байна. Дээр дурдсанчлан Н.Номтойбаярын эвсэл том шаардлага тавина. Т.Доржхандын ХҮН нам бүр даам гарна. Тэд одоогийн Шадар сайдын ранкаа Тэргүүн шадар болгож дээшлүүлэхээс гадна нэмээд нэг яам авна гэж гүрийнэ. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа үүнийг хэрхэн зохицуулах юм мэдэхгүй.

ДӨРӨВ, Сайд нарын прогноз

Ингээд эцэст нь сайд нарын нэрсийг эх сурвалжуудын мэдээлж буйгаар урдчилсан байдлаар таамаглах гээд үзье.

ТЭРГҮҮН ШАДАР САЙД – Т.Доржханд

Найман суудалтай ХҮН намд одоо л том хөдлөх боломж олдож байна. Тиймээс тэд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдын суудлыг авах нь гарцаагүй. Хэрвээ энэ суудлыг өгөхгүй гэвэл Засгийн газарт орох шаардлага ер нь гарахгүй дээ. 42 кноптой АН-ыг Засгаас гаргачихсан учраас найман суудалтай ХҮН намд маш том боломж нээгдэж буй юм. Тэд ранкаараа засаг дотроо хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй юм. Тэгээд ч улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн энэ цаг үед Т.Доржхандад энэ салбарыг хариуцуулж төсөв, төлөвлөгөөг бариулах нь муу сонголт биш.

Шадар сайд – Н.Номтойбаяр

Одоогийн С.Амарсайхан сайдын хариуцаж буй албан тушаал. Засаг дотроо ранкаараа тун дээгүүрт орно. Ерөнхий сайдаа орлох хэмжээний шадар сайдын суудлыг засагт хамтрах Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярт өгөх байх. Гол нь “Үндэсний эвсэл” орох уу, үгүй юу гэдэг нь туйлын эргэлзээтэй байна.

Шадар сайд – Батын Батбаатар

ИЗНН-ынхан нэг их бодож санах зүйлгээр МАН-ын урилгыг тэврээд авах байх. Засгийн газарт орж ажиллаад сайдын суудалд очих нь ИЗНН-ын хувьд том амжилт. УИХ-д байгаа гишүүдээс нь харахад, сайд хийх чадамжтай ганц хүн нь Б.Батбаатар дарга. Тиймээс тэдэнд Шадар сайдыг өгөх байх.

ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайд – С.Бямбацогт / Л.Энх-Амгалан

Үе, үеийн Ерөнхий сайд нар ХЭГ-ын даргаараа хэнийг тавихаа өөрөө толгой мэдэж сонгодог. Харин энэ удаад Г.Занданшатар хэнд Засгийн газрынхаа “гал тогоо”-г хариуцуулах вэ гэдэг сонин. Ямартаа ч Н.Учрал бол үлдэх үү, үгүй юу гэдгээ эхний ээлжид шийднэ. Хэрвээ явуулна гэвэл С.Бямбацогт эхний тохироогоо хийсэн сурагтай байна. Зарим эх сурвалжууд Л.Энх-Амгаланг ч ирж магадгүй гэдэг мэдээллийг өгч байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд – Г.Тэмүүлэн

Мэдээж яам болгон дээр өрсөлдөөн өндөр байгаа. Уул уурхайн яам болгож нэрийг нь өөрчлөх байх. Ингээд дэд сайдаар ажиллаж байсан, энэ салбарын бодлогоо сайн мэдэх гэдэг агуулгаар Г.Тэмүүлэн гишүүнд бараг л энэ сайдын суудлыг өгөх байх. Дээр нь нэмээд Г.Тэмүүлэн сая Ерөнхий сайдын өрсөлдөөнд орсон тул Г.Занданшатар түүнийг хашааны гадаа үлдээхгүйгээр өөртөө татах гэж үзэх байх. Харин Сангийн сайдаар Б.Жавхлан үлдэнэ гэхээр Г.Тэмүүлэн энэ саналыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Э.Бат-Амгалан

Э.Бат-Амгалангийн нэр хэд хэдэн салбарт яригдаж байгаа. Үүний нэг нь энэ яам. Өнгөрсөн хугацаанд хоёр сонгогдсон. Ямар нэгэн албан тушаалын араас яваагүй. Дээр нь нэмээд сая УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэг бараг л төгс ялалт авсан. Олон жил Баянзүрх дүүрэгт ийм хэмжээний ялалт авч байгаагүй. Дээр нь нэмээд нийслэлийн нам дотор Х.Нямбаатарын талынхан Баянзүрхийг багагүй түшиж байгаа. Үүнийгээ илтгэж НИТХ-ын даргын суудлаа А.Баярт өгсөн юм. Хамгийн чухал нь Баянзүрхээс УИХ-д суугаа гишүүд нь танхим дотроо багагүй нөлөөтэй, бүгд хоёроос дээш сонгогдчихсон групп байгаа юм.

Батлан хамгаалахын сайд – Д.Батлут / Э.Бат-Амгалан, Ц.Идэрбат

Ер нь бол хоёр хүний нэр сонсогдож байна. Д.Батлут болон Ц.Идэрбат. Хэн нь Ерөнхийлөгчөөс илүү дэмжлэг авна. Тэр хүн нь сайд болно гэсэн үг. Эсвэл тэд бүр Э.Бат-Амгалан гишүүн ч ирж магадгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол өнгөрсөн засаг байгуулагдах үед Э.Бат-Амгалан гишүүн Батлан хамгаалахын сайдаар яригдаж байсан ч эцсийн мөчид С.Бямбацогт гишүүн урдуур нь гүйсэн сурагтай байсан.

Боловсролын сайд – ХҮН намд

П.Наранбаяр сайдын ахалж буй энэ яам дээр өөрчлөлт бараг л орохгүй байх. Харин ХҮН намынхан дотооддоо ярилцаад П.Наранбаярынхаа оронд намын генсек П.Ганзоригийг оруулж магадгүй. Энэ салбарын сайд болохын тулд Ардын намаас Г.Дамдинням, Ч.Ундрам гээд төлөөллүүд хүчтэй өрсөлдөөнд орж ирэх магадлалтай. Гэхдээ л ХҮН намаас энэ салбарыг авч чадахгүй болов уу даа.

Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “тамгатай” Б.Батцэцэг сайд гадаад харилцааны сайдаар бараг л үлдэх байх. Ер нь ч ажлын хувьд муу байсан түүх түүнд байхгүй. Харин ч гадаад харилцаа талдаа тун боломжийн ажилласан гэхэд болно. Гагцхүү олон удаа сайдаар улирч үлдлээ гэдэг л түүнд сөрөг оноо авч ирж магадгүй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Ч.Ундрам

Боловсролын салбарт очих зорилго нь талаар болвол Ч.Ундрамд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлыг өгч магадгүй. Хоёр дахь удаагаа сонгогдсон тэрбээр, өнөөдөр БСШУС-ын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм. Тиймээс яалт ч үгүй орж ирэх эмэгтэй төлөөллүүдийн нэг болох байх.

Зам, тээврийн сайд – Ж.Ганбаатар / Б.Дэлгэрсайхан

Улс төрийн хүрээнд Ж.Ганбаатарыг Зам, тээврийн сайдаар томилогдох магадлалтайг онцолж байна. Гурав дахь удаагаа сонгогдсон түүнд УИХ-ын даргын дэмжлэг хэр хэмжээнд орж ирэхээс шалтгаалж сайдаар ажиллах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Харин одоогийн сайд Б.Дэлгэрсайхан үлдэх талаар ярьж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм. Хэрвээ Б.Дэлгэрсайхан үлдэнэ гэж зүтгэвэл Ерөнхийлөгч гол асуудлыг нь шийдвэрлэнэ.

Сангийн сайд – Б.Жавхлан

Ерөнхийлөгчийн зүгээс Б.Жавхлан сайдыг дахин Сангийн сайдаар нь ажиллуулна гэсэн талаар эх сурвалжууд онцолж байна. Ер нь бол өнгөрсөн хугацаанд төсөв, санхүүгийн асуудал үүсгэсэн. Төсвөө хамгаалж чадалгүй хоригт оруулсан, сая болж өнгөрсөн эдийн засгийн буруу бодлогын үйл явцыг харахад Б.Жавхланг УИХ дахь сөрөг хүчин болон Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн тэргүүтэй МАН-ын гишүүд бол дэмжихгүй байх. Гагцхүү “жанжин” шийдсэн бол бүх зүйл тааллаар нь болох буй за. Хэрэв үгүй гэвэл Г.Тэмүүлэнг Сангийн сайд руу явуулах хувилбар байж болох юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд – Д.Бум-Очир / Ч.Ундрам

Татан буугдаж магадгүй байгаа яам. Боловсрол болон байгаль орчин, нийгмийн хамгааллын салбар руу гурав хуваагаад нэгтгэх магадлалтай. Хэрвээ үлдээнэ гэвэл сайдаар нь Д.Бум-Очир очиж магадгүй гэх яриа байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хүн. Хоёрт, соёл антроплогийн салбарт ажиллаж байсан гэх агуулгаар Д.Бум-Очир очих боломжтой. Хэрвээ ГБХНХ-ын сайдаар Л.Энх-Амгалан үлдэж эсвэл өөр хүн томилогдчихвол Ч.Ундрам гишүүн энэ яам руу ирэх боломжтой.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд – Г.Дамдинням

Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал дээр Г.Дамдинням гишүүн эхнээсээ тун хатуу байр суурьтай оролцсон. Хамгаалах биш явуулах талд нь ажиллаж байсан. Мөн хоёр дахь удаагаа сонгогдсон түүнд нэгэнт Боловсролын сайдын суудал олдох нь эргэлзээтэй учраас энэ яам руу очиж магадгүй гэдгийг эх сурвалж онцолж байна. Ямар ч байсан нэг сайдаар очих хүмүүсийн нэгээр Г.Дамдинням гишүүнийг нэрлэж байгаа юм. Харин эцсийн мөчид аль яам бэ гэдэг л сонин.

Хууль зүй, дотоод хэргийн сайд – Б.Энхбаяр

Ерөнхий сайдын хувьд хамгийн чухал хоёр яам бий. Үүнд ХЗДХЯ, Сангийн яам хоёр ордог. Төсөв санхүүгийн бодлого болон хуулийн бодлогыг нь хариуцдаг энэ хоёр яамны сайдаар хамгийн чансаатай хүмүүсийг тавих ёстой. Тэгвэл энэ удаад бүлгийн дарга Л.Мөнхбаатар болон Б.Энхбаяр гэдэг хоёр сонголтын өмнө Г.Занданшатар тулж ирнэ. Яг энэ галтай, “зовлонтой” засаг төрийн үед Л.Мөнхбаатараас илүү хувилбар нь Б.Энхбаяр байх болов уу. Дээр нь нэмээд өнгөрсөн Засгийн газар олигтой хууль өргөн барьж чадаагүй. ХЗДХ-ийн яам туйлын хангалтгүй ажилласан тул энэ удаад чангаруулах нь гарцаагүй. Л.Мөнхбаатарыг бүлгийн даргаар нь үргэлжлүүлэн ажиллуулах байх.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ж.Энхбаяр

Ерөнхийлөгчийн зүүн гар. Дээр нь нэмээд энэ салбараа өнгөрсөн хугацаанд багагүй мэддэг болсон тул Ж.Энхбаяр сайдыг ер нь л хөдөлгөхгүй дээ. Яахав, аймгийн Засаг дарга нарын фракцаас Ж.Батжаргал гишүүнийг зүтгүүлэх л байх. Гэхдээ арай л амжихгүй.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд – Э.Батшугар

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Дээр нь нэмээд МАН-ын одоо байгаа гишүүд дундаас цахим бодлого, инновац гэдэг зүйлээ арай ойлгох магадлалтай хоёр гишүүний нэг бол Э.Батшугар. Н.Учрал бол дахиад энэ яам руугаа ирэхгүй байх. Дээр нь нэмээд Н.Энхбаяр дарга хангалттай гүйчихэд Э.Батшугар гишүүн сайд болох нь гарцаагүй. Хуучин МАХН гэдэг бүтэц Ардын нам дотор бүх шатанд нь 30 хувийг бүрдүүлж буй гэдгийг санах нь зүйтэй.

Эрүүл мэндийн сайд – Т.Мөнхсайхан / Ж.Чинбүрэн

Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан дахин нэг удаа улирах магадлал өндөр. Ерөнхийлөгчийн хүн гэгддэг түүнийг мөргөж унагах ганц хүн нь Ж.Чинбүрэн. Энэ томилгоонд УИХ дарга хэрхэн нөлөөлөхөөс бүх зүйл шалтгаалж шийдэгдэнэ.

Эрчим хүчний сайд – Х.Ганхуяг, С.Бямбацогт / Б.Найдалаа

Ирэх өвөл Улаанбаатар бараг л хөлдөх аюулд ороод буй. Б.Чойжилсүрэн сайд үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгээ хэлчихсэн. Тиймээс Эрчим хүчний сайдаар хэн очих вэ. Очсон хүн нь ямар хүнд нөхцөлтэй тулах вэ гэдэг сонин. Өөрөөр хэлбэл, ихээхэн зоригтой хүн л тус яам руу очих байх. Хоёр сонгогдсон гишүүдээс энэ яам руу явах магадлал өндөр. Тиймээс Х.Ганхуяг гишүүн явж магадгүй. Үгүй гэвэл С.Бямбацогт сайд ч очиж мэдэх юм. Эдгээрээс гадна ХҮН намынхан эрчим хүчний реформоо явуулахын тулд Эрчим хүчний яамыг авахыг заавал шаардана. Харин МАН-ынхан тэдэнд найдах уу гэдэг л байна. Хэрвээ найдлаа гэвэл ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаа очих байх. Ер нь л хамгийн толгой өвтгөсөн асуудалтай, сэтгэл зовоосон сонголт дунд өрнөх сайд бол Эрчим хүчний сайд юм.

Г.Лхагвадорж

БАЙР СУУРЬ:  “Цагаан алт“ үндэсний хөдөлгөөн нь бага хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгох байдлаар дэмжиж байна
БАЙР СУУРЬ: “Цагаан алт“ үндэсний хөдөлгөөн нь бага хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгох байдлаар дэмжиж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.