ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос цуцалсан. Үүнээс болж нутаг буцахаар тийк нь баталгаажсан байсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох зэрэг хүндрэлүүд гарсан учраас ЭСЯ-дад чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар бид 17 улсад 100 иргэний ийм хүндрэлтэй байдалд орсон мэдээллийг нэгтгэж аваад байгаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн бид гадаадад гацсан монголчуудад туслалцаа үзүүлэх ялангуяа санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөн хариуцсан байгуулгатай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд гадаадаас 544 иргэнд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн эх оронд нь авчирсан. Энэхүү ажлыг донор орнуудын тусламж, дэмжлэгээр гүйцэтгэн нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан.
2154 хүн нэн яаралтай нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Тусгаарлах байраа бэлтгээд, арванхоёрдугаар сард хэд хэдэн нислэг хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар:
Европт 647, Азид 1113, Австрали 110, Африкт дөрвөн иргэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргаад байна.
Арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн БНХАУ руу хийх ачаа тээвэр, тэр дундаа нүүрсний экспортод хязгаарлалт тавьсан. Бид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна" гэв.