ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын баг E-barimt системийн дэд бүтцэд тулгуурлан цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор QR тандан судлах цахим платформ нэвтрүүллээ. Энэ талаар тус ажлын баг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэв.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд QR.119.mn цахим хуудсаар байгууллагынхаа кодыг бий болгож үүд хэсэгтээ байршуулна. Харин иргэн E-barimt аппликейшн ашиглаж тухайн байгууллагын үүдэнд байрлах QR кодыг уншуулснаар үйлчлүүлэх юм байна. Ингэснээр, иргэн COVID-19 халдварын эрсдэлд ороход хэдхэн секундийн дотор E-barimt аппликейшнд анхааруулга мэдээлэл ирнэ. Энэ нь COVID-19-ийн ойрын хавьтал дам хавьтлыг илрүүлэх мэргэжлийн байгууллагын ажил, цаг хугацааг хэдэн мянга дахин хөнгөвчилнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. Одоогоор Засгийн газар, УОК-оос үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 18 салбарын аж ахуйн нэгж, цаашдаа шат дараатай нээгдэх байгууллагууд QR кодоо үүсгэж үүдний хэсэгтээ байруулах юм.
Уг цахим платформыг хөгжүүлэх ажлын багт Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв зэрэг мэргэжлийн байгууллага багтжээ.
ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ: "УОК-ын үүрэг чиглэлийн дагуу хувийн хэвшлүүдтэй хамтран олон улсын туршлагыг судалсан. Олон улсад QR, GPS, Bluetooth гэсэн технологийг ашиглаж иргэдээ тандан судалж байна. GPS нь тухайн иргэний хувийн мэдээллийг алдах эрсдэлтэй тул QR код нь илүү ач холбогдолтой гэж үзсэн. Тиймээс 1.7 сая хэрэглэгчтэй E-barimt аппликейшнийг нэмж хөгжүүлснээр уг платформыг нэвтрүүллээ. Аж ахуйн нэгжүүд QR кодоо үүсгээд угтах хэсэг буюу үүдэндээ байрлуулна. Иргэд тухайн байгууллагад нэвтрэхдээ QR кодыг нь гар утсаараа уншуулна. Хэрэв тэр байршилд COVID-19-ийн халдвар тээгч илэрвэл таны утсанд богино хугацаанд мэдэгдэл очих болно. Энэ нь иргэдийн мэдээллийн нууцыг хамгаалахын зэрэгцээ тандан судлах ажлыг давхар явуулна" гэв.
E-barimt аппликейшнд өдөрт дунджаар 500 мянган хүн нэвтэрдэг, 1.2 сая баримт уншуулдаг байна.