БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод коронавирусний цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгаж байна.
“Пёньян руу вирус нэвтрэх боломжийг хаахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улам идэвхтэйгээр хэрэгжүүлж байна” гэж БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
Үүний хүрээнд Пёньяны баруун хэсгийн Манкёндэ бүсээс нийслэл рүү нэвтрэх бүх хүн халуунаа шалгуулахаас гадна агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг ариутгах ёстой юм. Түүнчлэн Сонгё бүсийн оршин суугчдад халуурах юм уу амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг өдөр бүр шалгахыг эмч нарт үүрэг болгожээ.
Лхагва гарагт Пёньянд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, зоогийн газар, нийтийн халуун усны газар зэрэг олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан байна.
БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байгаа боловч халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хаах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.