УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, бүрэлдэхүүнд Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарыг орууллаа.
Одоо мөрдөгдөж буй хууль, журмаар тодорхой байгууллагуудын төлөөлөл буюу Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дөрвийг нь Ерөнхийлөгч, долоог нь УИХ, дөрвийг нь Засгийн газар нэр дэвшүүлэх зохицуулалттай. Цаашдаа холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг хараат бусаар, нээлттэй сонгон шалгаруулдаг болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа.
Yндэсний зөвлөл нь олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах, хуульд заасан журмын дагуу ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвших материал хүлээн авах хугацаа үргэлжилж байгаа. Шинэ удирдлагуудыг томилох үйл ажиллагааг шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг тус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн байна.