Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.12.01/ нийт 12015 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнд халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Улаанбаатар хот, зургаан аймагт тандалт судалгаа үргэлжилж байна. Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 812 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 369 болж байна. Улаанбаатар хотын голомтод шинээр зургаан хүн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс юм.
Сэлэнгэд гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ. Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын 2 хүнээс халдвар илэрчээ. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд 358 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байгаа” гэв.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлыг дүүргээр авч үзвэл, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороонд нийт 23, Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 дугаар хороонд 25, Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороонд 12, Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 дүгээр хороонд 13, Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 дүгээр хороонд 15, Чингэлтэй дүүргийн 19, Багануур дүүргийн 4 дүгээр хороонд тус бүр нэг, нийт 90 тохиолдол бүртгэгджээ.