УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-нээс 10 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу иргэд www.119.mn сайтад бүртгүүлэн, Хан-Уул дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 4, Чингэлтэй дүүргийн 2 сургуулийн спорт зааланд гэх мэт нийт 20 байршилд цаг авч PCR шинжилгээнд хамрагдаж байгаа юм.
Гэвч өчигдөр /2020.11.29/ шинжилгээ өгөхөөр цаг авсан иргэд бөөгнөрөл дараалал үүсгэн зохион байгуулалт алдагдаж байгаа тухай цахим сүлжээнд нийтлэгдсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулах болов. Иймд манай сайтын зүгээс Баянзүрх дүүргийн шинжилгээний цэг болох 21-р сургуулийг зорьж нөхцөл байдлыг сурвалжиллаа.
10:00 цагийн үед:
-ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГ МААНЬ ДӨХӨЖ БАЙГАА Ч ОРУУЛАХГҮЙ БАЙНА-
Өглөөний 10:00 цагийн үед очиход орон нутаг руу явах хүсэлтэй шинжилгээ өгөх 300 гаруй иргэн байлаа. Шинжилгээ авч буй 21-р сургуулийн хашаанд 50-55 орчим хүн нэг метрийн зайтай дарааллан зогссон байв. Харин хашааны гадна хүлээх 250 орчим иргэн ямар нэг зай баримтлалгүй бөөгнөрөл үүсгэн хүлээх аж. Энэ дундаас нэгэн иргэнтэй ярилцсан нь Р.Пагмадулам юм. Тэрбээр, “Хүүтэйгээ Дархан явахаар хамт шинжилгээ өгөх хүсэлт гаргаж цаг авсан. Хүү маань надаас эрт 06:00 цагийн үед ирээд оочерлож байна. Би цагийн өмнө л ирсэн. Хүү дээрээ очоод хамт орох гэсэн боловч хашааны дотогш оруулсангүй. Дарааллаараа жагсаж ор гэсэн хариу өгсөн. Шинжилгээний цаг маань дөхөж байгаа ч хашаанд нь ч багтаж оруулахгүй тул яахаа мэдэхгүй гайхаад л зогсож байна” хэмээв.
Түүнчлэн дөрвөн компьютерээр бүртгэл хийж оруулж байсан ч саатал гарсны улмаас гараар тэмдэглэл хийн оруулж байгаа тухай мэдээлсэн юм.
13:00 цагийн үед:
- ЭЭЖИЙГЭЭ МАШИНДАА СУУЛГААД ӨМНӨӨС НЬ ЗОГСОЖ БАЙНА-
Өдөр нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар очих үед оочер дараалал 21 дүгээр сургуулиас Barilga.mn гэх хаягтай барилгын гадна хүртэл нэг метрийн зай баримтлан нийт 450 гаруй иргэн хүлээж байлаа. Харин булан эргээд гүүр хүртэлх иргэд хоорондын зай баримтлалгүй бөөгнөрөл үүсгэн зогсох ба цуваа урагшлахгүй байгаад ихэд бухимдаж байв. Албаны хүмүүс иргэдийг зай баримтлахыг шаардаж байвч хэтэрхий их хүн холхилдож, аюулгүй байдал алдагджээ. Өндөр настан, хүүхдүүд машиндаа суун хүлээж, гэр бүлийнх нь гишүүд дарааллаа алдахгүйн тулд өмнөөс нь дугаарлан зогсоно. Энэ үеэр иргэдээс дараах тодруулгийг авлаа.
Иргэн Г.Баяржаргал, Өглөөний 09:00 цагт шинжилгээ өгөх хуваарь авсан. Хүн ихтэй байгаа тухай сонсоод аминдаа эртхэн ирсэн боловч одоог хүртэл орж чадаагүй зогсож байна. 08:00 цагийн үед шинжилгээ өгөх сургуулиа андуурч очоод буцсан. Түүнээс хойш 21 дүгээр сургууль дээр ирээд дөрвөн цаг хүлээжээ.
Иргэн н.Бат-Эрдэнэ, Ээж маань 13:00 цагаас шинжилгээ өгөхөөр цаг авсан боловч ингээд цувааны хамгийн хойно зогсож байна. Би ээжийгээ машиндаа суулгаад өмнөөс нь зогсож байгаа юм. Анх ирэхэд л цаг авсан эсэх хамаагүй дарааллаад зогс гэж байсан. Би ч яахав өвлийн хүйтэнд энэ олон хүнийг зогсоож байхаар илүү олон газар шинжилгээний цэг байгуулж болоогүй юм байх даа гэж бодох юм. Ядаж нэг өдөрт яг хэдэн хүн үзэхээ хязгаар тогтоогоод ирсэн хүмүүсээ өдөр өдөрт нь цагаараа оруулах хэрэгтэй. Хэзээ орохоо ч мэдэх юм алга.
- ХҮЙТЭНД ХАЛДВАР АВАХ НЬ БИТГИЙ ХЭЛ НААД ЗАХ НЬ ХАНИАД ХҮРЭХ НЬ БАЙНА-
Ээлжээ хүлээн дарааллан зогсох хоёр иргэнтэй ярилцахад, “Өглөө 09:00 цагийн үед л хамт ирсэн. Оочер дараалал нь ч багассангүй. Цаг авсан ч нэмэргүй болчихсон болохоор цувааны сүүл рүү буцаад явсан. Ямар ч зохион байгуулалт алга. Энэ хүйтэнд олон цагаар зогсохоор халдвар авах нь битгий хэл наад зах нь ханиад хүрэх нь байна. Өөр шинжилгээний төвүүдтэй харьцуулахад энд хамаагүй олон хүн байгаа сурагтай. Түргэн шинжилгээгээ өгчихвөл хариугаа аваад л гэр лүүгээ явах төлөвлөгөөтэй байсан. Өнөөдөртөө багтаад орох юмсан” гэлээ.
-МИНИЙ УТСАНД ГУРВАН ХАРИУ ИРСЭН, БҮГД ӨӨР ӨӨР ЦАГ ДЭЭР-
Бид цааш явсаар дарааллын хамгийн сүүлд зогсох иргэн Б.Баяржавхлангаас нөхцөл байдлыг тодруулахад, “Ганцаараа шинжилгээ өгөхөөр ирсэн. Одоо оочерлоод зогсож байна. Миний хувьд бараг зургаан цагийн дараа л орох бололтой. Гэхдээ яаж ч удсан өнөөдөртөө багтаж үзүүлнэ. Цагдаа нар эхэн хэсэгт хоорондын зай барихыг шаардаж байгаа бололтой. Сүүл хэсэг рүүгээ хүмүүс тоохоо болиод, бөөгнөрөөд зогсож байна шүү дээ. Зохион байгуулалт систем муутай байна. Өчигдөр бүртгүүлэхэд миний утсанд гурван ч хариу ирсэн. Бүгд өөр өөр цаг дээр байна билээ” хэмээгээд ирсэн хариугаа харууллаа. Үнэхээр 13:00, 13:30, 13:50 цагуудад ирж шинжилгээгээ өгнө үү гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн байв.
-ИДЭВХТЭЙ БҮС ТУЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА БАЙСАН Ч НЭВТРЭХ ХОРИОТОЙ -
Иргэдийн сэтгэгдлийг хуваалцсаны дараа бид шинжилгээний байрыг сурвалжилахаар дотогш орох гэсэн боловч албаны хүний хэлснээр “Идэвхтэй бүс тул хэвлэл мэдээллийн байгууллага байсан ч нэвтрэх хориотой” гэсэн хариулт өгөв.
Тэгвэл асууя:
- Яагаад халдварын “идэвхтэй бүс” гэж өөрсдөө тодорхойлж, арга хэмжээ авч байгаа юм бол иргэдийг олноор нь цуглуулахыг хориглон, цувааны бүх хэсэгт зай барих арга хэмжээг авахуулсангүй вэ?
- Яагаад 119 сайтад бүртгүүлж цаг авсан иргэд хүртэл шинжилгээ өгөх цагаасаа өмнө ирсэн ч орж чадалгүй цувааны хойно, хэзээ орохоо ч мэдэхгүй зогсож байна вэ?
- Шинжилгээ өгөх цагийн мэдээллийг хүртэл зөрүүтэй өгч, иргэдийг товлосон цагтаа шинжилгээгээ өгөх нөхцөл бүрдүүлж чадаагүй хүмүүсээс хариуцлага нэхэх үү?
“Даараад байна” гэж гадаа дарааллан зогсох иргэд, “Өнөөдөртөө л амжиж үзүүлэх юмсан” хэмээн санаа алдах хүмүүс, “Удаан зогсоод хоолой царцчихсан, эгч нь яриа өгөхгүй” хэмээн учирлах нэгнээр манай сурвалжилга өндөрлөв.