Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 25-нд 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.
УЛААНБААТАРТ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 63 БОЛЛОО
Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 63 боллоо. Тухайлбал, Баянгол дүүрэгт 16, Сонгинохайрхан дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 17, Сүхбаатар дүүрэгт 11, Хан-Уул дүүрэгт 7, Багануурт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг бүртгэгдлээ.
Халдварын тохиолдол бүртгэгдсэн дүүргүүдийг хороогоор нь задалбал Баянгол дүүргийн найман хороонд covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Тус дүүргийн 1,3, 4,6,7,9, 10, 18 дугаар хороонд батлагдсан тохиолдлууд илэрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 12,13, 16,18 дугаар хороонд халдвар илэрсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 болон Хан-Уул дүүргийн 10,16, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Багануур Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд тус тус өвчлөл бүртгэгджээ.
Монгол улсад батлагдсан нийт тохиолдол 712 болсон бөгөөд үүнээс 360 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал нэн хүнд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүн байгаа юм.
Төмөр замын гурван байршилд 11 хүн өвчилсөн. Гэр бүлийн хувьд халдварын эрчим маш өндөр буюу 52 хувьтай байгаа нь гэртээ хүн урьж бариа засал хийлгэдэг явдалтай холбоотой байгаа юм. Караокетой холбоотой 20 орчим хувь, буяны ажил, төрсөн өдөр, бие биенийхээрээ айлчилж зочилсонтой холбоотой 3-6 хувь, тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь, орцны хавьтал 2.9 хувьтай байна. Төмөр замын голомтын хувьд гэр бүлийн гишүүдэд халдварлах эрчим 26.7 хувьтай, ажилчдын дунд халдварлах нь 3 хувь, эмнэлгийн ажилчид 5 хувийг тус тус эзэлж байна.
ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх, шуурхайн удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-БНХАУ-ын ГХЯ-наас манайд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр туслаж дэмжихээ саяхан илэрхийлсэн. Энэ нь ямар тоног төхөөрөмж хэзээ орж ирж, бодит дэмжлэг болох вэ?
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн есдүгээр сард манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын хүрээнд халдварын эсрэг тэмцэхэд туслаж дэмжихээр ярьж тохиролцон, манай улсад дотоодод халдвар гарсантай холбогдуулан тусламж дэмжлэгээ эрчимжүүлж хугацааг наашлуулах санал тавьж, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа жагсаалтыг шинэчлэн гаргаж БНХАУ-ын ЭСЯ-нд хүргүүлсэн. Энд PCR шинжилгээ хийх 4 тоног төхөөрөмж 2 оношлуур лаборатори хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн, ЭМЯ хүлээн авахаар бэлтгэж байна. Ингэснээр лабораторийн оношилгоо шинжилгээний хүчин чадал нэмэгдэх юм.
-ЭМЯ хөл хориог сунгах саналыг УОК-т гаргасан уу? Одоогийн нөхцөл байдлыг хумьж, шийдвэрлэхэд хэдий хугацаа шаардлагатай байгаа гэж тооцоолж байна вэ? Нийслэлд өнөөдрийн байдлаар тохиолдлын хэдэн голомт байгаа вэ?
-Улаанбаатарт эхний гарсан өвчлөлтэй одоогийн тохиолдлууд холбоотой. Нийслэлд 9 байршилд 52 хүн өртсөн. Нэг гэр бүлийн 4-5 хүн зэрэг өвдөж байна гэх мэтээр үргэжлэн өвчилж байгаа ойрын хавьтлыг мөрдөн тандахад цаг хугацаа орж байна. Одоогийн байдлаар 961 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Эхний шатны шинжилгээд 556 хүнийг оруулсан. 3 дахь шинжилгээд 160 хүн ороод байна. Зарим хүнийг 4 удаа ч шинжилж байна. Ийм 28 хүн байгаа. Тиймээс халдварын эхний нууц үеийн хугацаа дууссан ч тэрнээс хойш өвчлөл гараад буй учир хариу арга хэмжээний хугацаа хойшлогдоод байна. Дэглэмийг сахиснаар тархах эрсдлийг 55 хувиар бууруулж байна гэсэн үг. Монгол Улс 70-80 хувиар хамгаалж байна гэж тооцоолж байгаа. Өвчлөл 3-4 дахин тархахаас сэргийлж байгаа.
-Халдварын тохиолдлын тоо эргэлзээтэй, зөрөөд байна. Тоог нэгтгээд үзэхээр 59 хүн дутаад байна. Энэ ямар хүмүүс байна вэ?
-Өнөөдрийн 712 батлагдсан тохиолдол гэхэд л голомтод байгаа 275 хүн болон зөөвөрлөгдсөн гэж ангилж тооцож байгаа. Зөөвөрлөгдсөнөөс гадна Монгол Улсад эхний голомтын болон төмөр замын гэх мэтээр өвчлөлийн 4 кластер байгаа. Энд ХӨСҮТ-өөс 10 эмч, ажилтан өвчилсөн байдал орж байгаа. 11 дүгээр сарын 16-наас хойш тохиолдол нэмэгдээгүй, хумьж авсан, эхнээсээ эдгээд хяналтын14 хоногтоо байгаа. 4 дахь кластер нь "Энхсаран" сувилалд гарч бүртгэгдсэн 59 тохиолдол байсан. Мөн ОХУ-ын 7 иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан. Ингээд тоо таарч байгаа. Ер нь манай улсад бас шилжилт хөдөлгөөн муу байгаа нь тандалт судалгаа хийхэд гарч ирж байна.
-Сэлэнгэ аймгийн эмнэлэгт байдал ямар байна вэ? Эмч, ажилтнууд халдвар авсан уу? Унгар улсад тэмцээнд яваад ирсэн тамирчдаас мөн илэрсэн үү?
-Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг Улаанбаатар руу тээвэрлэн ирэн эмчилж байгаа. Тиймээс тэнд байгаа эмч, ажилтнууд батлагдсан тохиолдол дээр ажиллаагүй байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эмнэлгийн ажилтнуудаас өвдөөгүй. Унгар явсан тамирчдын тухайд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс тийм юм мэдээлээгүй.
Дотоодод бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 275: /2020.11.26-ны 11:00 цагийн байдлаар/
- Улаанбаатарт 63
- Дархан-Уул 22
- Дорноговь 18
- Орхон 23
- Говьсүмбэр 3
- Сэлэнгэ аймагт 148 байна.