Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учир Нийслэлээс гарах, орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд НМХГ, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавьж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа.
Өчигдрийн 18:00 цагаас өглөөний 08:00 цагт шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 915 тээврийн хэрэгслээр 1685 зорчигч хот руу нэвтрэв.
Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ.
Энэ сарын 11-ний 03:00 цагаас өнөө өглөөний 08:00 цагийн хооронд нийт 18448 тээврийн хэрэгслээр 37932 зорчигч хот руу нэвтэрч, 19825 тээврийн хэрэгслээр 40588 зорчигч хотоос гарлаа.
Нийслэлийн хэмжээнд гудамж, зам тээврийн хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтын 310 цэгт 662 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.