Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батжаргал: Хүн зовлон их сайн даадаг юм билээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 4 секунд

Зургийн тайлбар: "Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг манай нийгэм хөгжлийн бэрхшээлтэй гээд их ад үзэж гадуурхдаг. Гэхдээ бэрхшээлтэй ч гэсэн хүнд гай бололгүй амьдарч чаддаг юм шүү" Гэрэл зургийг: С.Хонгорзул

МУБИС-ийн урдуур өнгөрч явахад арцны үнэр содон үнэртлээ. Арц зардаг болсон юм байх гэж бодохтой зэрэгцэн олны дунд нэг цагаан алаг мууртай настай ах арц уугиулаад суух нь нүдэнд тусав. Энэ бол Б.Батжаргал ах. Түүнийг хүмүүс “мууртай ах” гэдгээр сайн мэдэх биз. Муркатайгаа нарлаад сууж байсан нь тэр юмсанж.

“Хүмүүсээс болгоомжтой байгаарай юм хумаа алдав. Миний уур хүрвэл нөхдүүдтэй зодолдох гэж оролдоно” гэж элэгсэг байдлаар хэлээд бид яриагаа эхэлсэн юм.

УХААНТАЙ АХ, ЭГЧ НАР БОЛ ДҮҮГЭЭ ХЭЗЭЭ Ч АШИГЛАХГҮЙ. ХАРИН МАНАЙ АХ ЭГЧ НАМАЙГ АШИГЛААД БАЙСАНД ИХ ДУРГҮЙ ХҮРДЭГ

Сэлэнгэ аймгийн Зүүнхараад өссөн. Аав ээжээс дөрвүүлээ айлын отгон хүү. Одоо нэг ах, нэг эгч бий. Мөн 98 настай ээж минь байдаг. Ээж дээрээ очно гэхээр сэтгэл эмзэглээд, санааг нь чилээх вий гээд очдоггүй. Бас ээж, ах, эгчийнхээ дэргэд эрхлээд байдаг учраас бие дааж амьдарч үзье гээд ганцаараа байхыг сонгосон. Сайхан ухаантай ах, эгч нар бол дүүгээ хэзээ ч ашиглахгүй. Харин манай ах эгч намайг ашиглаад байсанд их дургүй хүрдэг.

Улаанбаатарын Улиастайд нэг жил цэргийн алба хаагаад үргэлжлүүлэн Эрдэнэтэд хоёр жил байлдааны ангид цэргийн гурван жилийн хугацаагаа дуусгасан. Цэргээс халагдаад гурван жил галч, нэг жил ачаа өрөгч хийсэн. Мөн оросоос орж ирсэн машиныг бүрэн бүтнээрээ Улаанбаатарт хүргэх ажлууд хийж байлаа. 1991онд зах зээл гараад хойшоо гарч наймаа хийж эхлээд хэд хэдэн удаа гайгүй хил гарч чадсан. Харин 1993 онд Орост 100 ширхэг тарваганы арьсаа булаалгаад архи огт уудаггүй хүн чинь шарандаа 100 татаад өвөл 11 сард шүү дээ. Сэрэхэд зүүн талын зургаан хавирга, бугалга хугарсан байсан. Гэнэт ухаан ороод харахад нэг бүдүүн орос авгай намайг эмнэлэгт хүргэсэн байж билээ. Иркусткийн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтээд нутагтаа очих гээд консулын газар очиход огт туслаагүй. Ер нь аль ч улсад байгаа консулын газрын ажилчид иргэддээ ерөөс чин сэтгэлээсээ тусалдаггүй шүү дээ. Туслаагүйгээс нь болоод хүний нутагт хулгай хийж эсвэл монголчуудаа дээрэмдэж байна. Би их шартай хүн. Бүтэн хайрцаг димдрол уугаад вагонд нууцаар суугаад нэг мэдэхэд л эх орондоо ирсэн байсан.

ТАРХИНДАА ГЭМТЭЛ АВСНААС ХОЙШ УЛИРААД, ТҮРГЭН УУРТАЙ, МАРТАМХАЙ, ОЙ ТОГТООЛТ ИХ УДААН БОЛЧИХСОН

Зүүнхараагийн нэгдүгээр орон сууцанд оросууд өргөтгөл хийж байсан юм. Би 13 настай байсан болов уу. Найман хүүхдээс хоёр нь нас бараад бусад нь их хүнд гэмтсэн. Миний зүүн тархи маш хүнд бэртэл авч байсан. Би ч муугүй онц сайн сурдаг сурагч байлаа. Тархиндаа гэмтэл авснаас хойш улираад, түргэн ууртай, мартамхай, ой тогтоолт их удаан болчихсон.

-Гэр бүл зохиож байв уу?

-Залуудаа вагоны үйлчлэгч нарыг л харж харамлаж явдаг байлаа. Оросын Эрхүүд нэг буриад бүсгүйтэй найзлаад монгол руу авч ирэх гээд бүтээгүй юм. Сүүлд буриадууд надад  "Манай буриад басганыг гомдоосон бол тэр чигтэн гэр бүлгүй явдаг юм" гэж хэлж байсан. Үнэн юм шиг санагддаг. Гэхдээ 56 хүрч байгаа ч гэсэн гэр бүлтэй болох талаар бодогдоод байгаа.

-Муураа хэзээнээс тэжээж эхэлсэн бэ?

-Улаан-Үүдэд байхад нэг эмээ надад өгсөн юм. Гурван сартай нялх амьтан байлаа. Нэр нь Мурка. "Энэ муур чамд хэрэг болно. Чиний өвчинг авна" гэж байсан. Буриад руу явах бүртээ эмээг сурагладаг. Ер нь сураг тасарсан. Өөд болсон байж магадгүй юм хөөрхий. Муур маань Орос, Монголын мэргэжлийн хяналтын тамга тэмдэгтэй бичигтэй.

-Амьдралынхаа хамгийн сайхан үеийг дурсаач

-Залуу нас л сайхан юм даа. Сургуульд байхад бодож санах юмгүй. Өвдөж, зовж байх үед ангийн хамт олон ирэх. Одоо ч уулзаагүй их удаж байна даа. Ирэх болов уу гэж их хардаг даа. Даанч болдоггүй юм байлгүй.

ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ХЭРЭЛДЭЖ, ҮГ ХЭЛЭЭР ДОРОМЖИЛЖ БАЙГААГ БИ ЯАГААД Ч ОЙЛГОДОГГҮЙ

-Ээж дээрээ очъё гэж боддог уу?

-Ээжтэйгээ хааяа уулздаг юм. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг манай нийгэм хөгжлийн бэрхшээлтэй гээд их ад үзэж гадуурхдаг. Гэхдээ бэрхшээлтэй ч гэсэн хүнд гай бололгүй амьдарч чаддаг юм шүү. Би ганцаараа Утай, гүнбэнд дөрвөн удаа очоод ирсэн. Хятадад нэгнийгээ бэрхшээлтэйгээр нь ялгаж харьцдаггүй юм билээ. Харин ч энгийн хүнд 100 юаниар зарж байгаа курткыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд 50 юаниар зарах нь бий. Хүний хувцас хиртэй байж болно. Гэхдээ халаасанд нь нэг куртка авах мөнгө байгаа ч юм билүү. Бодох хэрэгтэй. Юуны туханд хүрэлгүй "зайл", " холд" гэх хүмүүс байдаг. Харьцааны соёлгүйгээс болж манайд янз бүрийн асуудлууд гарч байгаа. Одоо нэг үеэ бодоход камертай болоод сайхан байна. Бага насны хүүхдүүд болон сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс сураггүй алга болоод байхаар хувь хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж явдаг. Эмэгтэй хүмүүстэй хэрэлдэж, үг хэлээр доромжилж байгааг би яагаад ч ойлгодоггүй. Цаг үе их өөр болж бмдний өссөн орчинтой харьцуулах юм биш.

-Та ойрд үүгээр харагдсангүй. Бие тань зүгээр үү?

-Би яагаад энд суудаг вэ гэхээр залуу хүмүүсийг харахаар сэтгэл уужраад сайхан байдаг юм. Аль нэг зах дээр суух гэхээр янз янзын хүмүүс сэтгэл эмзэглүүлээд есөн шидээр доромжилдог. Энд бол залуучууд надад "мууртай өвөө" гэдэг нэр өгөөд бид хоёрыг ад үзэлгүй, өөрсдийнхөө хоолны мөнгөнөөс илүүчлэн өгдөгт маш их талархдаг. Хүн зовлон даадаг юм даа. Өвчтэй, зовлонтой хүмүүсийн нэр барьж ард түмнээс хандив тусламж авдаг хүмүүс цөөнгүй байна. Ингэж болохгүй биз дээ. Миний нэрийг бариад хандив цуглуулсан явдал гарч байсан.

Озэки Такакейшо Кюүшюү Эзэн хааны цом хүртжээ
Озэки Такакейшо Кюүшюү Эзэн хааны цом хүртжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.