Та халдварт өвчний талаар хэр их мэдэх вэ? Халдварт өвчний илрэх шинж тэмдэг болон халдварлах замыг мэдэх нь урьдчилан сэргийлэх, хөнгөн үед нь эмчлэхэд тустай.
Хепатит буюу элэгний үрэвсэл
Үрэвсэл үүсгэгч олон төрлийн вирус дундаас хүний эрүүл мэнд амь насанд хамгийн их эрсдэл учруулдаг нь А вирус, гепатит В вирус, гепатит С вирус юм. Энэхүү вирус бохир хүнс, усны хэрэглээгээр, хамгаалалтгүй бэлгийн хавьтал, цус зэргээр халдварладаг. Цусаар гэдэг нь ямарваа нэгэн ариутгал хийгдээгүй бохир багажаар эмнэлгийн болон гоо сайхны зэрэг үйлчилгээ авснаас үүдэн вирус цусаар дамжин биед орно гэсэн үг.
Үүнээс урьдчилан сэргийлэх арга зам нь гараа тогтмол угаах, хоол хүнс хэрэглэхийн өмнө ариутгах, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх, үйлчилгээ авч буй тохиолдолд багажны ариутгалыг зайлшгүй шалгах зэрэг орно.
Гахайн хавдар нь агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин
Хүний биед амьсгалын замаар дамжин нэвтэрдэг вирус бөгөөд салстаас цусанд орж тархан булчирхай бүхий газруудад сонгомлоор тогтон үрждэг. Гахайн хавдраар гол төлөв 3-15 насны хүүхдүүд өвчилдөг ч цөөн тохиолдолд урьд өмнө нь өвчилж байгаагүй насанд хүрэгчид ч өвддөг байна.
Сүрьеэ бол агаар дуслын замаар халдварлагддаг амьсгалын замын халдварт өвчин
Сүрьеэ уушги гэмтээхийн сацуу бусад эрхтэнг ч гэмтээх эрсдэлтэй байдаг. Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг ханиалгах, найтаах, цэрээ хаях, мөн ярих, дуулах төдийд ч нянг агаарт цацдаг байна. Бохирдсон агаараар амьсгалсан хүмүүс сүрьегийн халдвараар өвчлөх магадлалтай.
Гэр бүл болон ойр дотны хүмүүс халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн тээвэр, болон олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байгаа тохиолдолд халдвар авах магадлал боловч өвчлөх нь бага байдаг. Ихэвчлэн цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, бие суларч ядрах, жин буурах, хоолны дуршил буурах, халуурах, шөнө хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
"Улаанууд" агаар дуслын замаар, эхээс урагт ихсээр халдварладаг өвчин
Нүүрээр улайлт туурч эхлэх ба хэдэн цагийн дотор бүх биеэр тархана. Нуруу, нүүр, өгзөг, гар, хөлийн тэнийлгэгч гадаргуугаар илүү шигүү, алга, уланд тууралт гарахгүй, хааяа тууралт нь загатнах шинж тэмдэг илэрдэг. Халдварын эх үүсвэр нь төрөлхийн улаануудтай нярай, вирус тээгч 12-18 сартай хүүхэд. Жирэмсний эхний гурван сард улаанууд өвчнөөр өвчилсөн тохиолдолд ургийн гажиг үүсэх аюултай. Тухайлбал, зүрхний гажиг, нүдний катаракт буюу болор цайх өвчин, төрөлхийн дүлийрэл зэрэг багтдаг.
Менингококк нян нь агаар дуслын замаар халдварладаг
Үржих таатай нөхцөл нь 36-37 градус учир хамар, хоолойн залгиурт үржин ханиалгах, найтаалгах үед гадагш тархана. Ихэвчлэн 0-6 насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Уг нянгийн түгээмэл тохиох хэлбэрүүдийн нэг нь менингит. Энэ тохиолдолд өвчтөн өндөр халуурах, цэгчилсэн хэлбэрээс хэмжээгээр том тууралт бүх биеэр тархаж өвчний шинж тэмдэг илэрдэг. Улмаар хамар, ходоод, бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсэх магадлалтай.
Эдгээр шинж тэмдгүүд даамжирсаар тархи, нугасыг гэмтээсэн тохиолдолд менинигоэнцифлат үүснэ. Ийм үед гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Энэ үе шатанд ихэвчлэн арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болж, дагзны булчин хөших, татах, дэмийрэх, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Салхин цэцэг нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг вирусийн гаралтай халдварт өвчин
Ихэвчлэн бага зэргийн халуурах, арьсан дээр толбон, гүвдрүүт, улаан тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тууралт нь загатнаа ихтэй учир бага насны хүүхэд маажих хоёрдогчоор халдварлаж, тууралт идээлж улмаар дархлал суларсан өвчтөний арьсан дээр буглаа үүсч болзошгүй.
Цусан суулга нь Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин
Сүү болон сүүн төрлийн бүтээгдэхүүн, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг нян. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, ус, хоол хүнсийг ариутгалгүй хэрэглэх зэрэг ахуйн хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Халдварын голомт нь шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй өвчлөгсөд байна. Ихэнхдээ халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг.
Гар, хөл, амны өвчин нь хоолой залгиурын халдвараар эхэлдэг
Энэхүү өвчин нь коксакийвирус, энтеровирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог. Намрын эхэн сард тархах хандлагатай бөгөөд халдвартай хүний ханиах, найтаах, нус нийх үед, вирусээр халдварлагдсан тоглоом, хаалганы хонох гэх мэт зүйлд хамар, нүд, ам хүрэх үед, өвтэй хүний цэврүүний шингэн болон ялагдсаар бохирлогдсон зүйлд хүрэх үед хүнээс хүнд дамжин халдварладаг. Халуурах, толгой өвдөх, хоолны дуршил муудах, жижиг хэмжээний цэврүү гар, хөл, живх хийдэг хэсгүүдээр туурч, тэмтрэх үед өвдөлт мэдрэгдэх, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай, ам, хэл шархлах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрнэ.