Өнгөрөгч өдрүүдэд улстөрийн "тойрогт" томилгоо тойрсон асуудлууд эрчийг авав. Тухайлбал, Засгийн газраас төрийн өмчит хувьцаат компаниуд болон ТӨҮГ-уудад хяналт хариуцсан менежер, бүтээмж хариуцсан менежер гэх албан тушаалыг бий болгож, 40 орчим хүнийг томилсон талаарх мэдээлэл гараад буй. Төр нь өөрөө цомхон бүтэцтэй ажиллана гэсэн "амлалтаасаа" ухарч, хэмнэлтийн тухай хуулиа зөрчиж буй эл үйлдлийг гишүүд төдийгүй олон нийт шүүмжилж эхлээд байна. Тэгвэл эл мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодрууллаа.
-Төрийн өмчит үйлдвэрийн газруудад хяналт болон бүтээмж хариуцсан менежерүүдийг томилж байгаа. Одоогоор 40 орчим хүнийг томилсон гэх мэдээлэл байна. Төр хэт данхайж байна гэх мөртлөө эдгээр менежерүүдийг заавал томилох шаардлагатай байсан уу?
-Хаана, хэдэн хүн томилогдсон бэ гэдэгт тодорхой мэдээлэлгүй байна. Гэхдээ энэ нь ТУЗ-аар гэхээсээ илүүтэйгээр дотоод зохион байгуулалтын асуудал. Менежерүүдийн хувьд захирлын статустай биш шүү дээ. Хяналтын менежер гэхээр хяналтаа хэрэгжүүлж, эрсдлээ удирдана. Бүтээмжийн менежер нь бүтээмжийг ахиулах гол үүргийг хүлээнэ. Тусгай үүрэгт маягаар очиж, тэнд хөндлөнгийн хяналт хий л гэж явуулсан.
-Бүтээмж болон хяналт хариуцсан менежер гэх хоёр албан тушаалд хоёр л хүн томилогдох ёстой. Гэтэл зарим газруудад 2 биш 4-5 хүн томилогдсон гэх мэдээлэл ч байна?
-Хяналтын менежерүүдийн хувьд, төсөв санхүү хэмнэх болон хөндлөнгийн хяналт тавих зорилгоор томилогдож очсон шүү дээ. Бүрмөсөн томилогдсон гэхээсээ илүүтэйгээр энэ хүмүүс үр дүн гаргах ёстой. Хэрэв 3,4 сар ажиллаад хууль батлагдсаны дараагаар үр дүн болоод бүтээмжийг ахиулах шийдэл гаргаж чадахгүй байвал өөрсдийг нь "хэмнэхээс" л өөр гарцгүй болно шүү дээ.
Ер нь Монгол Улс ардчиллын индексээр урагшилъя гэвэл хоёр хуулийг нэн тэргүүнд гараасаа гаргах хэрэгтэй. Энэ нь Нийтийн өмчийн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр эрхзүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүд юм. Шинэ хууль батлагдсанаар таван чиглэлээс өөр салбарт компани байгуулахыг хориглоно. Захирал болон ТУЗ-ийн гишүүдийн шалгуурууд асар өндөр болж байгаа. Хэр баргийн хүн томилогддоггүй болно. Ингээд эхэлбэл хамтарсан Засгийн газар байгаа үедээ төрийн өмчийн компаниудынхаа засаглалыг шийдье гэж зорьж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!