Шүүхийн шийдвэргүй баривчилгаа нийт баривчилгааны 99 хувийг эзэлж байна гэх айхтар судалгааг гурван жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг танилцуулж байв. Гэвч өнөөдөр ч энэ байдал дээрдсэнгүй.
Уг нь Эрүүгийн хуульд "Хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах зэрэг тохиолдолд баривчилна гэж заасан.
Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ өгсөн мэдээллээр "2024 онд шүүхийн зөвшөөрөлтэй баривчлагдсан 35 этгээд, хойшлуулшгүй тохиолдлоор баривчилсан 469 этгээд байна.
Шүүхийн зөвшөөрөлтэй баривчилсан этгээдийг хойшлуулшгүй тохиолдлоор баривчилсан этгээдтэй харьцуулахад 92.6 хувиар бага байна" гэв.
Тухайлбал, 2020 онд 793, 2021 онд 809, 2022 онд 1072 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилжээ. Нийт баривчлах ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэх үндэслэлээр баривчилсан байна.
ХЭҮК-оос шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаад суллагдсан иргэдтэй хийсэн ярилцлагаас
...Яагаад баривчилж байгааг би ойлгоогүй. Юу ч тайлбарлаагүй. Прокурорын тогтоол гээд нэг зүйл үзүүлсэн. Ямар хэрэгт холбогдуулж ямар нотлох баримт нэхэж байгааг нь ойлгоогүй...
...48 цаг баривчлагдаж, 02:00 цагт суллагдаад А дүүргийн хэлтэс дээр аваачиж, 02:00-04:00 цаг хүртэл байцаалт авч буцаагаад дахиж дүүргийн Прокурорын тогтоолоор дахиж буцаад Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж 24 цаг болоод суллагдсан... ...Сулласан шалтгаан нь нэг хэрэг дээр 2 удаа 48 цаг баривчилсан учраас гэсэн..
Баасан гарагт баривчилсан тохиолдолд уг арга хэмжээ шүүхээр хянагдахгүй байх явдал өндөр
ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд "Сүүлийн 3 жилийн байдлаар шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нийт сэжигтний 587 буюу 68.7 хувийг ажлын өдөр, 207 буюу 23.9 хувийг долоо хоногийн амралтын өдрүүдэд баривчилсан бол үүнээс 9.3 хувийг нь Баасан гарагт баривчилсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд Лхагва гарагт баривчилсан тохиолдол хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Баасан гарагт хамгийн бага байна.
Харин Баасан гарагт баривчилсан тохиолдолд уг арга хэмжээ шүүхээр хянагдахгүй байх явдал өндөр хувьтай байгаа нь анхаарал татсан асуудал юм.
Тухайлбал, Баасан гарагт баривчлагдсан сэжигтнийг шүүхийн хяналтгүйгээр 48 цаг саатуулсан тохиолдол 65.3 хувь, 48 цагаас илүү хугацаагаар саатуулсан тохиолдол 9 хувь байгаа бол тэдний 91 хувийг прокурор, баривчлах байрны дарга суллажээ" гэжээ.
ХЭҮК-ын санал
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн боловсронгуй болгох,
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчилсан бол сэжигтнийг баривчлах байранд бус шүүхэд шууд хүргүүлж шүүх цагдан хорих эсэхийг тухайн өдөрт нь, боломжгүй бол дараагийн өдөр нь шийддэг байхаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эрүүгийн хэргийн шүүхийг 24 цагийн ажлын хуваарьт оруулах,
- Баривчилсан сэжигтэнд хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах, баривчлахтай холбоотой материалтай хэдийд ч танилцах, хуулбарлаж авах эрхийг хуульчлах
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилснаас хойш 24 цагийн дотор шүүхэд мэдэгдээгүй эсхүл прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан тохиолдол бүрийн үндэслэл, шалтгаан, уг арга хэмжээг хэрэгжүүлсэн албан тушаалтан, баривчилсан хугацааны талаарх тайлбарыг уг ажиллагааг хийснээс хойш 30 хоногийн дотор шүүхэд мэдэгдэж байх, тухайн хүн өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авах эрх зүйн зохицуулалтыг хуульчлах.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!