Гуравдугаар сарын 22-нд “Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.О- ын ах нь “Ноорог”-т ажилладаг дүү нь уг хэрэгт холбоогүй. Өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өчигдөр хийсэн байдаг. Улмаар тэрбээр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд сард 75 сая төгрөг авдаг байсан гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул "Цахим мөрийтэй тоглоомын ард байдаг гэх асуудалд холбогдсон хурандаа н.Болдбаатар, н.Тэмүүлэн гэх манай хоёр алба хаагчийг АТГ-аас найман сар шалгаж, ГЭМ БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДОЖ, ХЭРЭГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН" гэв.