Монголчуудын мөрөөдөл болсон метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарсан. Ингээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар ТЭЗҮ, төслийн төсвийг шинэчилэх ажил 85 хувьтай, Инженер-геологи болон бусад суурь судалгааны ажлын гүйцэтгэл 100 хувь хийгджээ.
Мөн EPC гүйцэтгэгчийн тендерийн I үе шатны ажлыг зохион байгуулсан, II үе шатны материал бэлтгэж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.
Метро барих төслийг 2011 оноос эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг болоод байна. 2029 онд метроны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зүгшрүүлэлтийн ажил өрнөх бол 2030 оны аравдугаар сар гэхэд нийслэлчүүд метрогоор зорчих боломжийг бий болгохын төлөө ажиллаж байгааг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын Захирал У.Баатар танилцуулсан билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!