Монголчууд жендерийн эрх тэгш байдлын талаар ам булаалдан ярьдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд эдгээр нэр томъёо үндсэн агуулгаасаа гажсан. Ганцхан жишээ хэлье. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гадуур бэлэг сэлт, цэцэг барьсан залуучууд хайрт хань, найз бүсгүйгээ баярлуулах гэж хэрэндээ л хичээцгээдэг. Гэвч цэргийн баяраар "Чи цэрэгт яваагүй шүү дээ" гэх үгээр амаа таглуулж бэлэггүй хоцрох эрчүүд ч бий. Эрчүүд бэлэг өгсөнгүй гэж эмэгтэйчүүд шиг гоншгонохгүй ч дотроо бол юм боддог нь лавтай. За тэр бэлэг сэлт ч дүүрч.
Үүн дээр нь нэмээд үйлчилгээний газруудын эрчүүдэд зориулсан бэлгийг харахад ч нүд халтирам. Оймсоор боосон баглаа, пиво, жижиг архинууд гэх мэт.
Ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй. Уг нь хүний эрх хүйс ялгадаггүй байлтай. Нөгөө талаасаа Монголын нийгэмд "Эр хүн" хүчтэй гэх хэвшэл ойлголтын бараан сүүдэр хэзээнээс ч юм тусчихсан. “Эрэгтэй хүн уйлж болохгүй”, “Амьдралаа авч явах ёстой”, "Байр, автомашинтай байх ёстой" гэх зэрэг уламжлалт хэвшмэл ойлголт эрчүүдийг эмтэлж бас “эвдэж” байна. Хөсөр хаягдсан эрчүүдийн эрх, сэтгэл зүй яван явсаар нийгмийн том асуудал болж хувирахад ойрхон болжээ. Эцэг, эхчүүд охин хүүхдийг бүдэрч унахад нь аргаддаг бол хөвгүүдийг "Эр хүн уйлдаггүй юм. Гутал, өмдөө арч" гэх зэргээр мэдрэмжийг нь шууд хорьж, нуухыг шаарддаг.
Асуудал байсаар байхад нэг л мундаг, бүх зүйлийг зохицуулж чаддаг хүн мэтээр явах нь асуудлыг хүчээр шийдэх эсвэл ярилцахгүй дур зоргоор өөрийнхөөрөө шийдэхэд хүргэдэг аж.
Нийгэмд эмэгтэй хүн дандаа хохирогч байр суурьтай байдаг
Сэтгэл зүйч Г.Маралгуа:
-Эрэгтэй хүнийг стресс даагаад, юу ч бодолгүй зүгээр явдаг гэж бодож байвал том эндүүрэл. Тэд стрессийг шингээж явж байгаад маш том донтолт, эсвэл уналтад ордог. Юу ч хэлсэн манай нөхөр тоодоггүй, ноён нуруутай гэдэг үгнээс сэтгэлзүйн хүчирхийлэл эхэлдэг. Нөхрийнхөө бүх цалинг авчихаад эхнэрээсээ "Ийм юм авах гэсэн юм. Мөнгө шилжүүлээч" гэдэг тохиолдол ч байна. Үүнийг эхнэр, нөхөр хоёулаа хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ энэ бол санхүүгийн хүчирхийлэл. Би эхнэр нь учраас бүх юмыг хянана, эсвэл манай аав, ээж ингэдэг байсан учраас би илүү сайн зохицуулж чадна гэх хандлагаар эхнэрүүд хандах нь их. Хэдийгээр гэр бүл зохиосон ч гэсэн хүнд хувийн орон зай хийх дуртай, үзэх дуртай юм байна. Хувийн орон зайд халдаж байгаагаа би чиний эхнэр гэж зөвтгөж байгаа бол сэтгэлзүйн хүчирхийлэл.
Нийгмийн хандлагыг илэрхийлсэн нэг жишээ дурдъя. Эхнэр уурлаад ваартай цэцэг аваад шидэхэд хүмүүс "Нөхөр нь ямар аймар зовоогоо вэ. Ингэтэл нь бачууруулсан байна" гэж ярина. Харин эрэгтэй хүн ваартай цэцэг аваад шидвэл хүчирхийлэгч гэж хардаг.
Нийгэмд эмэгтэй хүн дандаа хохирогч байр суурьтай байдаг. Судалгаанаас харахад эрэгтэй хүн, эмэгтэй хүнд бие махбодиороо уураа илэрхийлдэг. Надад хэцүү, өндөр шаардлага тавиад байна гэдгээ хэлж чаддаггүй учраас түрэмгий байдлаар уураа гаргачихдаг. Нөгөөтэйгүүр нөхрөө өмнөх үерхсэн хүнтэйгээ, найзынхаа нөхөртэй харьцуулдаг. Энэ бол тэгш эрх биш. Гэхдээ мэдээж бүх эмэгтэй ийм биш шүү.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!