Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон билээ. Тэгвэл ЗГ хуралдаж байгаа бөгөөд, энэхүү саналыг дэмжихгүй гэх хариу өгөхөөр болсныг эх сурвалж хэллээ.
Уг саналд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.
Ингэж өрх бүрд нэг сая төгрөг тараах төсөв Засгийн газарт байгаа хэмээн Ерөнхийлөгчийн саналд тусгасан байсан.
Цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлахыг сануулсан байв.