25 жилийн турш бидэнд уйдах зав өгөхгүйгээр ярианы сэдэв болж ирсэн утааны асуудлаа бид гурван хэлэлцүүлэг дамнуулан хэлэлцлээ. Угтаа Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргээс дутхааргүй л маргаан дагуулсан сэдэв. Тэгвэл энэ удаагийн утааны сонсгол утаарсан уу аль эсвэл сонсголын дайтай сонсгол болж өндөрлөв үү. Эл асуултад хариулт өгөхөд тань туслах зарим мэдээллийг энэ удаагийн Visual Toim буландаа онцлон хүргэж байна. Эдгээр мэдээллүүд нь сонсголын үеэр хөндөгдөж, олон нийтэд хүрсэн юм.
-250 иргэнийг оролцуулсан гэх утааны сонсголын дэд хэлэлцүүлгүүд үр дүнтэй байсан уу-
Энэ удаагийн сонсголын бусад сонсголуудаас ялгагдах зүйл нь сонсголыг зохион байгуулах үүргийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хүлээсэн буюу тусгайлан Түр хороо байгуулагдаагүй явдал. Энэ утгаараа байнгын хорооны гишүүд оролцох эрх нь басхүү үүрэгтэй байсан гэсэн үг. Ерөнхий хяналтын өнөөдрийн сонсголд байнгын хороодын гишүүд болон төрийн байгууллагаас 29, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 60, долоон шинжээч, нийт 96 хүн оролцов. Сонсгол болохоос өмнө гурван ч дэд хэлэлцүүлгийг хийсэн. Ийнхүү нийт дөрвөн үе шаттай болсон сонсголд нийт 250 орчим хүнийг хамруулсан аж.
Дэд хэлэлцүүлгийг хийсэн явдал нь сонсголыг шинэ түвшинд гаргана гэх тэдний зорилго байсан боловч нөгөө талдаа зохион байгуулалтын хувьд "алдаа" болов. Учир нь иргэд дэд хэлэлцүүлэгт төдийлөн анхаарал хандуулсангүй. Улмаар утаатай холбоотой олон нийтийн мэдэх ёстой олон нийтийн анхааралд хүрч чадалгүй, чимээгүйхэн дарагдаад өнгөрөв.
-15 жилийн хугацаанд утааг бууруулахад 1.7 их наяд төгрөг зарцуулсны 1.1 их наядыг нь 2020-2023 онд зарцуулжээ-
Сонсголын хамгийн чухал хэсэг бол шинжээчийн дүгнэлт. Шинжээчийн дүгнэлтээр өнгөрсөн хугацаанд бид утаанд хэчнээн төгрөг зарцуулсан бэ гэдэг тоон мэдээллийг хүргэсэн. Ингэхдээ 2008-2016 онуудад дотоод болон гадаадын эх үүсвэрээр Цэвэр агаарын сан болон бусад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд мөнгөн дүн зарцуулагджээ. Харин 2020-2023 оны хооронд утаанд зарцуулагдах төсөв хөрөнгө эрс нэмэгдсэн буюу даблдсан байгаа юм.
-295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил ИЛЭРСЭН гэв-
Харин утаанд зарцуулсан гэх 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтээс 295,9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил илэрсэн аж. Үүнийг нарийвчилбал,
-Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт,
-Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн 6 асуудал,
-Зөрчил арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага,
-Ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр өгсөн 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байсныг шинжээч дүгнэлтдээ онцолсон.
-Долоон жилийн дотор 779 иргэн угаартаж АМЬ НАСАА АЛДЖЭЭ-
Хэлэлцүүлгийн үеэр "гал дагуулсан" асуудал бол угаарын хийн улмаас амь насаа золгүйгээр алдсан иргэдийн тоон мэдээлэл зөрсөн явдал байв. Эрүүл мэндийн байгууллагаас 163 хүн амь насаа алдсан гэх мэдээллийг өгсөн нь сонсголд оролцож байсан иргэд, судлаачдын зүгээс тоог дарлаа гэх агуулгаар асуудлыг хөндөхөд хүргэсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2017-2024 оны байдлаар угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо 779" хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
-Сайд, дарга нар "хуралдаа суусангүй"-
Энэ удаагийн сонсголд гэрч гэхээс илүүтэйгээр эрүүл мэнд, төсөв хөрөнгө, бодлогын төлөвлөлт, шийдэл зэрэг чиглэлд холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан. Хэдийгээр гэрчээр дуудаагүй боловч өнөөдрийн сонсголд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хотын дарга Х.Нямбаатарыг оролцох байх гэх хүлээлт байв. Гэвч тэд өөрсдийнхөө оронд "орлогч" нараа хуралд суулгав. Тодруулбал, Хотын даргын орлогч А.Амартүвшин, ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат, ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх нар ирж, оролцсон юм. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүгээс 2008 оноос хойшх хотын дарга нарыг сонсголд заавал оролцуул гэх саналыг ч гаргаж тавьж байв.
-2022 оноос "Тавантолгой түлш" ХХК-ийн санхүүгийн сахилга бат суларчээ-
Шинжээчийн зүгээс Тавантолгой түлш ХХК-тай холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллийг өгсөн. Тухайлбал, тус компанийн сүүлийн он жилүүдийн санхүүгийн аудитын тайланд гарсан өөрчлөлтийг дурдав. Ингэхдээ 2022, 2023 оны санхүүгийн тайланд аудитаас хязгаарлалттай санал, дүгнэлт өгсөн байна. Энэ нөхцөлөөс дүгнэхэд “Тавантолгой түлш” ХХК 2018-2021 оны санхүүгийн тайланд өөрчлөлтгүй дүгнэлттэй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан байна гэв.
-М.Ганбаатар 6.8 тэрбумын, Ц.Даваацэрэн 10 тэрбумын алдаа зөрчилд "орооцолдов"-
Санхүүгийн сахилга бат суларсан гэх асуудалд тус байгууллагыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд шууд холбогдоно. Тэгвэл шинжээчийн зүгээс "М.Ганбаатарын үед 6.8 тэрбум төгрөгийн 42 алдаа зөрчил, Ц.Даваацэрэнгийн үед 10 тэрбум төгрөгийн долоон алдаа зөрчил илэрсэн гэх мэдээллийг өгсөн юм.
-"Энержи Ресурс" мидлинг үнэгүй нийлүүлснийхээ хариуд ямар нэгэн татвараас чөлөөлөгдсөн зүйлгүй гэв-
Тавантолгой түлш ХХК-нд мидлинг нийлүүлсэн "Энержи Ресурс" компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Батцэнгэл сонсголд оролцсон. Сонсголын үеэр тус компани “Тавантолгой түлш ХХК-нд 150 тэрбум төгрөгийн үнэ бүхий мидлинг ҮНЭГҮЙ нийлүүлсэн" гэх мэдээллийг өгсөн. Үүнтэй зэрэгцэн тус компанийг мидлинг нийлүүлснийхээ хариуд ямар нэгэн байдлаар татвараас чөлөөлөгддөг үү гэх асуултыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тавьсан. Харин түүний асуултад Г.Батцэнгэл "Энержи Ресурс компани 2018 оноос хойш Тавантолгой түлшид 149 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 сая гаруй тонн нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлсэн. 2024 оны эцсээр гэрээг дүгнэсэн. Энэ хугацаанд борлуулалтын орлого олоогүй. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нөөц ашигласны төлбөр, НӨАТ зэрэг татваруудыг хуулийн дагуу төлсөн" гэсэн юм.
-Хятадын 4 компаниас сонгон шалгаруулалтгүйгээр 12 тэрбумын яндангийн шүүлтүүр авах гэрээ ба Н.Цэрэнбатын ХАРИУ ТАЙЛБАР-
Шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн нэг ноцтой асуудал бол, Яндангийн шүүлтүүр худалдан авахад Хятадын 4 компанитай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан гэх асуудал юм. Шинжээч үүнийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал хэмээн танилцуулсан байдаг. Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2019 оны тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ байна.
Үүнд Үндэсний аудитын газраас урьдахаар албан шаардлага өгөөд албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлсэн гэх мэдээлийг өгсөн.
Үүнтэй холбоотойгоор тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат "Яндангийн шүүлтүүр худалдан авахад Хятадын 4 компанитай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан асуудлаар дуудагдаж мэдүүлэг өгсөн. Бүх ажил Засгийн газрын чиглэлийн дагуу явсан байдаг" гэх хариу тайлбарыг өгсөн юм.
-"MCS"-ийн Ж.Оджаргалыг авч ир-
Харин сонсголын энэ үеэр нэгэн иргэн MCS компанийн Ж.Оджаргалыг нэхэж, бухимдсаар байсан юм.
Сонсголын гол онцлог иргэдийн дуу хоолойг түлхүү онцолсон явдал гэж хэлж болно. Тэгвэл сонсголын үеэр ноцтой агуулга, сэдвийг хөндсөн зарим иргэд болон албаныхны байр суурийг эргэн үзэцгээе.
-Нүүрс, аргалаа түлье-
Иргэний зүгээс "Нүүрсээ түлж байхад хааяа ганц хоёр хүн угаартдаг байсан бол шахмал түлш хэрэглэснээс хойш 100, 100-аараа угаартаж нас барж, 100, 100-аар нь оршуулдаг болсон. Хоногт 250 хүн угаартаж байгааг доош нь дараад байна. Шахмал түлшээ болиод, нүүрс, аргалаа түлье" гэх саналыг гаргав.
-Өрсөлдөөн байсан бол "Эхнэрийнхээ данс руу мөнгө шилжүүлсэн" асуудал ч гарахгүй байсан-
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас зарим зүйлийг тодруулахад сонирхолтой нэгэн өнцгийг ярьсан байдаг. Тэрбээр "Ганцхан "Тавантолгой түлш" компанид биш хувийн ААН-д боломжийг нь олгоод өрсөлдөөнийг бий болгох ёстой байсан. Хэрэв тийм байсан бол "Эхнэрийнхээ данс руу мөнгө шилжүүлсэн" асуудал ч гарахгүй байсан" гэсэн юм.
-Утаатай саруудад жирэмслэлт цөөрдөг-
ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатын зүгээс агаарын бохирдлоос үүдэж бий болж буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгсөн нь олныг эмзэглүүлсэн. Тэрбээр "Утаатай саруудад жирэмслэлт цөөрдөг. Агаарын бохирдлоос үүдэж зүрхний цоорхойтой, өсөлт багатай, зүрхний гажиг өвчлөлтэй хүүхэд төрөх тохиолдол гарч байгаа" гэсэн юм.
-Шахмал түлшний улмаас нас барагсдын тоо хэдэд хүрэхээр бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ-
Угаарын хийн улмаас гэр бүлийнхээ хоёр гишүүнийг алдсан гэх иргэн сонсголд оролцсон. Тэрбээр "Би ар гэрийнхээ 2 хүнийг угаарын улмаас алдсан. Шахмал түлшний улмаас нас барагсдын тоо хэдэд хүрэхээр бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ" гэв.
-Утаагүй бол хавдрын өвчлөл 30 хувиар буурах боломжтой-
Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл эрс нэмэгдэж, улам залуужих хандлагатай болсон. Тэгвэл хавдрын өвчлөл бий болоход агаарын бохирдол нөлөөлж байгаа эсэхийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "Түүхий нүүрсний асуудлыг яриад байхаас шахмал түлшний хортой чанарыг ярихгүй байгаа нь улс төртэй холбоотой байх. Утаагүй бол хавдрын өвчлөл 30 хувиар буурах боломжтой" гэв.