Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронатай Монгол – Хүнсний захуудаар хөл татраагүй л байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
7 минут 42 секунд

Манай улс анх удаа хоёрдугаар зэргийн бүх нийтийн хатуу хөл хорио тогтоогоод хоёр дахь өдрөө болж байна. Гадуур байдал ямар байгаа талаар сурвалжиллаа. Хэдийгээр 5000 гаруй алба хаагч ажиллаж, нийслэлчүүдийн дэг журмыг сахиулж байгаа ч хүнсний зах, худалдааны төвүүдэд хүмүүсийн хөл татраагүй л байна.

Гэр хороололд эргүүл алга

Өглөө 10 цагийн үед гэрээс гарлаа. Энэ удаа хотын төв биш, гэр хороололд байдал ямар байгааг сонирхсон юм. Төв замын хоёр талаар, автобусны буудал бүрд албан хаагчид эргүүлд гарчээ. Гэвч тэд гудамжаар явж буй хүн бүрийг асууж, шалгаад байгаа зүйл алга. Автобус өглөө 06-10 цаг хүртэл явж байгаатай нийслэлчүүд нэгэнт эвлэрчээ. Учир нь өчигдрийг бодвол автобусны буудал дээр хүн алга. Эхний өдрүүдэд 10 цаг өнгөрчхөөд байхад л автобус ирэхгүйд итгэж ядсан хүмүүс автобусны буудлаас холдож ядаж байсан.

Хотын зүүн зах болох Шар хадны эцэс рүү очлоо. Алба хаагчид хүүхдээ дагуулж яваа хүмүүст шаардлага тавьж, хүүхдээ гадуур дагуулж явахгүй шүү гэж анхааруулах аж. Гэхдээ энд хотын төвийн бодвол ердийн үеийнх шиг хөл хөдөлгөөн ихтэй.

25 кг-ийн уут гурил дамжилсан эхнэр, нөхөр гурил олж авсандаа баярлаж буй нь андашгүй. Хүнд гэж тоож байгаа шинжгүй алхана. Тэднийг саатуулж гурил хаанаас олж авсныг асуухад эхнэр нь гараараа зааж “Тэр дэлгүүрээс л авлаа. 5 кг юм уу, 10 кг-ийн авах гэж хайсан чинь олдохгүй байна. Ялангуяа нэгдүгээр гурил энэ хавиар алга оо. Арай хямд үнэтэйгээр нь тэндээс 25 кг-тайг л авчихлаа” гэв.

АТМ-ийн үүдэнд багшралдан байгаа хүмүүст өнөөх “хэцүү нэрт”-ийг тоож байгаа юм алга бололтой. Энд байх томоохон супермаркет руу орлоо. Халуун хэмжиж, гар ариутгаж байна. Бас л хүний хөл их. Өндөг, сүү, гурил дуусжээ. Ихэнх хүмүүс хүнсний бүтээгдэхүүн цуглуулах ч бараа сонирхож яваа хүн ч харагдсан. Магадгүй хөл хорио тэдэнд тухтай дэлгүүр хэсэх боломж олгож байж ч болох...

Гэр хорооллын гудамжаар бол эргүүл алга. Дэлгүүрүүд нь хэвийн ажиллаж байна. Халамцуу хүний ч бараа харагдсан. Манай улсад өнгөрсөн гуравдугаар сард анхны коронатай франц иргэн ирснээр хөл хорио тогтоосон билээ. Тухайн үед гэр бүлийн хүрээний архидалт нэмэгдсэн, хүчирхийллийн тоо өссөн хэмээн албаныхан мэдээлж байв. Тэгвэл энэ удаа архи зарахгүй байгаа ч нууцаар худалдах тохиолдол байгаа бололтой. Гэр хорооллын гудамжаар эргүүл байхгүй тул тэнд юу болж байгааг хэн мэдэх вэ. Хүчирхийлэгчтэй гэртээ хоригдчихсон хүүхэд байвал яах вэ гэсэн гунигтай бодол төрж байв.

Том сэдвийн дор жижиг нь дарагддаг жамаар түүхий нүүрсний хэрэглээ, гэртээ угаартах, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг эмзэг асуудал энэ хугацаанд бага гараасай л гэж залбирмаар...

Махны үнэ өсжээ

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хааж, орох хөдөлгөөн чөлөөтэй байсан. Гэвч орон нутагт коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн учраас өнөө өглөө 06:00 цагаас эхлэн орох хөдөлгөөнийг ч гэсэн хаасан. Үүнтэй зэрэгцээд махны үнэ өсчээ. Хотын зүүн хэсгийнхэн хүнсээ цуглуулдаг “Амгалан” захаар орлоо. Энд хэн нэгнээс түрүүлж хүнсээ цуглуулах гэж өөртэйгөө уралдах хүмүүс л холилдохоос нөгөө халуун хэмжиж, гар ариутгах асуудал мартсан мэт.

Захын гадна талаарх хувь хүмүүс хонины мах 7200 төгрөг, үхрийн мах 10500 төгрөгөөр худалдаалж байна. Зах дотор бол үнэ нэмэгджээ. Амандаа орсон үнээ хэлнэ гэгчээр л болж байна. Зэрэгцээд зогсож байгаа хоёр худалдагч нэг нь махаа 8000 төгрөгөөр худалдаж байхад нэг нь 8500 төгрөг. Махны хувьд ялгаагүй л харагдах. Гэсэн ч мах үүрэн ийм тийш гүйх хүмүүсийн хөл татраагүй л байна. Гурилын лангуунуудын үүдээр оочер үүсжээ. Зарим лангуу нь гурилаа дууссан гэв. Харин хиам, бэлэн бүтээгдэхүүн үйлчлүүлэгч цөөнтэй харагдлаа.

Хотын зүүн захынхан мах их хэмжээгээр авахдаа нэг бол “Амгалан” захаас махаа авдаг. Нэг бол хуучин Баянзүрхийн товчооны цаанаас мал худалдаалдаг газраас амьд мал худалдаж авдаг. Тиймээс амьд мал ямар үнэтэй байгааг сонирхохоор тийш явлаа. Гэтэл хоёр, гурван өдөр мал ирээгүй бололтой, малын хашаа нь нурж унажээ. Мал алга...

Алба хаагчдад ч гэсэн гэр бүлийнхэн бий

Өчигдөр орой танил эгч маань залгав. Түүний нөхөр нь эргүүлийн цагдаа учраас түргэн аваад, эргүүлд явсан гэнэ. Танил эгч “Манай нөхөр эргүүлд гарч байгаа. Цаанаас нь маск, нэг удаагийн бээлийг өгөөгүй гэнэ ээ. Хамгийн эрсдэлтэй хүмүүс шүү дээ. Мэдээж байнга эргүүлд гарна гэж байхгүй. Гэртээ ирнэ. Өвчин аваад ирвэл яах вэ. Чи нэг энэ талаар асууж тодруулж, бичээч” хэмээн захисан билээ.

Баянзүрхийн товчоогоор гараад буцах хооронд замын хоёр талаар эргүүлд гарч буй алба хаагчдыг ажиглалаа. Нэг цагдаагийн алба хаагч, хоёр сонсогч эсвэл нэг цагдаа, нэг мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэх зэргээр эргүүлд гарах аж. Мэдээж шаардлага тавьж ажиллаж буй учраас өөрсдөө маскаа зүүсэн байна. Гэвч савхин бээлий өмссөн харагдсан. Энэ нь халдвар хамгаалал талаасаа шаардлага хангадаг л байгаа...

Цагдаагийн алба хаагч, сонсогч нарын хувцас содон учраас харахад л илт. Харин Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар куртка өмсөөд, дээр нь зуны гитлиэ өмсжээ. Цөөн хэдэн чиглэлд л нэгдсэн формтой. Харин үлдсэн байцаагч нар өөрсдөө мөнгө төлж хувцсаа хийлгэж өмсдөг талаар өмнө сонсож байв.

Коронавирусийн халдвараар тусгаарлалтад ажиллаж байсан сувилагч, эмч өвдөөд байсан. Өнөөдөр нэмээд хоёр эмч халдвар авсан нь тогтоогдлоо. Галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдад тусгай хангамж шаардлагатай байна. Тэд ч гэсэн гэр бүлтэй, хайртай хүнтэй...

Сурвалжилсан: Б.Цэдэвсүрэн

Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан

“YouTube” энэ жил “Rewind” бичлэг хийхгүй
“YouTube” энэ жил “Rewind” бичлэг хийхгүй
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.