Манай улс дотооддоо корона вирусийн халдварыг тархааж, одоогоор батлагдсан тохиолдол 406-д хүрээд байна. Энэ сарын 10-ны өдөр тээврийн жолооч Д гээс вирус илэрч, түүний хавьтлын таван хүн халдсан болох нь тогтоогдлоо. Эдгээр иргэн нь олон нийтийн газраар явж, урлаг соёлын тоглолт хүртэл үзсэн өгүүлэмжтэй. Тиймээс манай улс анх удаа хоёрдугаар зэргийн бүх нийтийн хатуу хөл хорионд шилжээд байна.
Уг нь өнгөрсөн гуравдугаар сард манай улсад анх удаа корона вирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байсан ч дотооддоо тархаагүй учраас хөл хориог аажмаар цуцалж, долдугаар сарын 15 гэхэд бүх үзвэр үйлчилгээний газрууд үүдээ нээсэн. Үүнээс хойш цөөнгүй кино нээлтээ хийж, мэргэжлийн урлагийн байгууллагууд ч үзэгчээр дүүрэн үзвэрээ толилуулсан. Мөн цөөн биш хамтлаг, дуучид тоглолтоо хийж, халаасаа цэнэглээд авсан билээ.
Эдгээр тоглолтоос UB palace-д болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолт олны анхаарлын төвд байна. Уг тоглолтыг үзсэн хүмүүс дор бүрнээ айдастай, дуучин гэр бүлийнхэнтэй ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Увс аймагт хөл хорио тогтоосон, тоглолтын хөтлөгч Өмнөговь аймагт тусгаарлагдсан байдалтай байна. Учир нь, тус тоглолтыг халдвартай иргэн, эхнэр, дүүгийнхээ хамт үзэж, дуучинтай хамт зургаа авахуулсан гэх мэдээлэл бий.
Урлаг соёлын тоглолт олныг хамруулж, цуглуулдаг. Тийм ч учраас өндөр эрсдэлтэй. Гэвч үүнийг тооцохгүй, дотооддоо “хэцүү нэрийг” алдаагүйдээ цээжээ дэлдэн тоглолт зохион байгуулсан уран бүтээлчдэд ч буруу өгөх аргагүй. Тэд уран бүтээлээ зарж амьдардаг. Хэдэн сар хөл хорионд байсан иргэд ч урлагаар цангасан нь энэ хугацаанд болсон тоглолт бүрийн заал дүүрэн байснаас харагдана...
20 гаруй хоногийн турш дүүрэн үзэгчтэй зааланд заларсан “Анна Каренина”-г 16 мянган хүн үзсэн, сонгодог жүжиг “Фауст”-ыг гурван хоног тоглоход заал дүүрч, дахин нэг удаа үзэгчдийн хүсэлтээр тоглосон. “Хархан нүдэн” тоглолтыг хөдөө орон нутгаас автобус, автобус хүн ирж үзсэн ч сураг дуулсан... “Single ladies” уран сайхны кино ч дүүрэн үзэгчидтэй байсаар кино театрын дэлгэцнээс буусан талаар продюсер нь “гайхуулан” ярьсан билээ.
Тэгвэл одоо тоглолтын товоо зарласан ч яахаа мэдэхгүй, УОК-ийн шийдвэрийг хүлээж, арай ч тоглолтоо цуцалж чадахгүй байгаа уран бүтээлчдийг нэрлэж байна.
Б.Алтанжаргалтай байх байсан Баасан гаригийн мэнд...
Ардын дууг аргадаж дуулдаг гэх дуучин Б.Алтанжаргал өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглолтоо товлоод байв. Баасан гарагийг дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи”-аар салхилж өнгөрүүлнэ хэмээн төлөвлөсөн үзэгч олон байсан биз ээ. Тэгвэл уг тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Дуучин өөрийн фэйсбүүкдээ өчигдөр “Маш тааруу мэдээтэй өглөө байна. Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн тогтоолын дагуу бүх сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээг зогсоосон тул 12,13-ны өдрийн “Тэнгэрийн салхи” тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Бид үзэгч сонсогч та бүхэндээ зориулан маш сайхан, уран тансаг ардын дууны нэгэн үдшийг өгөхөөр бүхий л хүч чадлаа дайчлан чармайн бэлдэж байсан боловч энэхүү үнэхээр давагдашгүй онцгой нөхцөл байдлаас болж тоглолт маань хойшлогдохоор болсон нь тун харамсалтай байна. Гэсэн хэдий ч юуны өмнө ЭРҮҮЛ байх нь хамгаас эрхэм үнэтэй тул та бүхэн минь хайртай бүхнийхээ төлөө МАСКАА зүүж, аюулт өвчнөөс сэргийлээрэй! Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэл хийсэн билээ.
Маргааш “хип хоп”-оор эргэн дурсах байлаа
“2000’s” тоглолт энэ сарын 13-нд буюу маргааш болох байлаа. Ice Top, digital, Сүнс, Салхи хамтлаг, Freezone, Guys хамтлагийн төлөөлөл, DJ OG нар Crocus event hall-д бут авах байсан юм.
Монголд хип хоп урсгал орж ирсэн эхэн үеийг эргэн дурсах уг тоглолт 30-40 насныханд хүлээлт үүсгээд байсан билээ.
Д.Отгонжаргалын онцгой зар, “Камертон” хамтлагийн нууцхан зар
Харин нөгөөдөр буюу энэ сарын 14-нд сонгодог урлагаар сонор мялаахаар зэхэж байсан дуучин Д.Отгонжаргалын “Хун галуу” тоглолт “Улаанбаатар палас”-т зарлагдаад байв. Сонгодог урлагийг таниулж, хоолойн цараагаараа олныг байлдан дагуулдаг дуучны тоглолтын тов олон хүнд онцгой зар болон түгсэн биз ээ.
Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэг Камертон энэ жил 25 нас хүрч байгаа. Тус хамтлаг байгуулагдсан цагаасаа тасралтгүй уран бүтээл туурвиж буй. Тус хамтлагийн ээлжит тоглолтын тов “нууцхан” гараад байсан юм. Тэд энэ сарын 14-нд Зайсан Хилл-д үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэлээ.
“Together” орон нутагт тоглох байсан ч билетээ буцаалаа
Поп дива дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар тоглолтоо нийслэлчүүдэд хүргээд орон нутагт тоглохоор товлоод байсан юм.
- · 11 сарын 13нд Дархан хотын “Залуучууд” театр 19н цагаас
- · 11 сарын14нд Эрдэнэт хотын “Уурхайчин соёлын ордон” 19н цагаас
- · 11 сарын 15нд Сүхбаатар хотын “Сэлэнгийн Долгио чуулга”17н цагаас
- · 11 сарын 16 Мөрөн хотын “50’100’ event hall” 19н цагт тус тус тоглохоор боллоо.
Тоглолтынхоо зарыг тарааж, билетээ борлуулаад байсан ч буцаалт хийхээс өөр аргагүйд хүрсэн дуучид маань “УОК-ийн яаралтай шийдвэрийн дагуу Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудын тоглолт хүчингүй болж байна. Удахгүй сайхан цаг ирэхээр уулзацгаан аа. Та бүхэн маань сонор сэрэмжтэй байж, өөрийнхөө болон бусдын төлөө гараа ариутгаж, маскаа зүүж хамгаалаарай. Бидний хэсэг уран уран бүтээлчдийг дэмжиж хүлээж байсан та бүхэндээ маш их талархаж байна” гэх мэдэгдлийг сошиал сүлжээгээр дамжуулан хийлээ.
“Алтан гадас” одон Укагийн анхны тоглолт товлогдоод байлаа
Төрсөн өдрөөрөө “Алтан гадас” одон хүртэж хайртай үзэгчдээ баярлуулсан дуучин Ука анхны тоглолтоо өөрийн дууны "DO IT" нэрээр нэрийдэж, энэ сарын 20-нд Буянт-Ухаа спорт цогцолборт 18 цагаас товлоод байв. Тэрбээр тоглолтынхоо талаар ярихдаа “Цар тахлын үед зүгээр нэг тоглолтоо зохион байгуулж болохгүй, үзэгчдийг асрах хүмүүс хэрэгтэй болсон. Үүнд 200 гаруй залуус ажиллана” хэмээн ярьж байсан.
Гэвч анхны тоглолтынхоо товыг цуцлах л болж дээ, цаг хугацаа нь биш байсан бололтой.
Дуучин маань фэйсбүүкээрээ дамжуулан “Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахал дотоодод алдагдсан харамсалтай тохиолдол бүртгэгдэж улс орон даяар олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаагийн улмаас дуучин Укагийн “Do it” тоглолт хойшлохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Цар тахлын энэхүү хүнд үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаад дуучин Ука болон үзэгч, сонсогч, дэмжигчдийнх нь өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Та бүхэн минь айж сандралгүй, сэтгэл санааны хувьд тайван байж, эрүүл мэндээ анхаарч байгаарай. Дуучин Ука болон тоглолтын зохион байгуулалтын баг “Do it” тоглолтын бэлтгэл ажлыг 100% хангаад байсан билээ. Тун удалгүй бид тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх болохыг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрд мэдэгдэл хийх болно. Үргэлж хамтдаа байдаг үнэнч үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид хамтдаа, DO IT” хэмээн мэдэгдэл хийлээ.
Дэлхий дуучин европт зарласан тоглолтоо монголчуудад хүргэх гэж байсан юм
Дэлхийн дуучин хэмээн нэрлэгддэг “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар европын орнуудад хийхээр төлөвлөсөн тоглолтоо Монголын үзэгчиддээ хийхээр шийдээд байв. Тэрбээр тоглолтын товоо “Corporate”-д энэ сарын 26, 27, 28 хэмээн товлоод байсан. Тэр ч бүү хэл анхны тохиолдол батлагдсан өглөө тоглолтынхоо хэвлэлийн хурал зарлаад байснаа цуцалсан. Энэ талаараа фэйсбүүкдээ “Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Хурал маань тодорхойгүй шалтгаанаар хойшилж байна! Эрхэм сэтгүүлчид, ТВ, Сайт-ууд та бүхнээс хүлцэл өчье” гэсэн байв. Гэхдээ тоглолтоо албан ёсоор цуцлаагүй байна.
Ховор хүмүүс “Хотын хүүхнүүд”-ийг товлоод байв
“Чингис хаан” зочид буудалд энэ сарын 27-нд нэгэн ховор хүмүүсийн тоглолт товлогдоод байсан. Дуучин Х.Оюунбилэг төрсөн өдрөө үзэгчидтэйгээ тэмдэглэхээр зар тараасан байв. Түүний тоглолтын чимэг нь дуучин Б.Ангирмаа. Тоглолтод “Чамайг тоссон зам”, “Эгэл биш инээд”, Б.Ангирмаагийн “Чиний харцанд”, “Миний дуу”, “Чагная” гэх мэт олны хайртай аялгуу сайхан дуунууд эгшиглэх байсан билээ.