UBN сайт "ТҮҮНИЙ ТУХАЙ" булангийнхаа энэ удаагийн дугаарт гурван настай ТАЕКВОНДОЧИН ОХИН Д.Чинбайг онцолж байна. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын таеквондогийн Хаадын зарлиг клубын нэрэмжит анхдугаар аварга шалгаруулах тэмцээний нээлтэд үзүүлэх тоглолт үзүүлсэн 3-настнуудын бичлэг цахим орчинд цацагдаж, сошиал хэрэглэгчдийн хайрыг татсан. Тэдний нэг нь Д.Чинбай охин юм.
Д.Чинбайгийн аав А.Дөлгөөн ОУХМ цолтой мэргэжлийн тамирчин, шүүгч, дасгалжуулагч. Мөрөөдлөө биелүүлж, Хаадын зарлиг клубыг үүсгэн байгуулаад 2000 гаруй шавь бэлдсэн багш. Түүний хамгийн хайртай бас хамгийн бяцхан шавь нь түүний охин Д.Чанбай. Охиноо мэргэжлийн тамирчин болгохоор зорьж, бэлдэж байгаа ч тэмцээний нээлтийн үеэр гуравхан настай охин нь талбайд гараад тулалдахыг харах эхэндээ эвгүй байсан хэмээн бидэнд хуваалцсан юм.
Д.Чинбай гуравхан настай ч клубын ах, эгч нараасаа дутахааргүй ур чадвар эзэмшсэн. Бэлтгэлийнхээ үеэр аавыгаа багшаа гэж дууддаг. Бусад хүүхдүүдтэйгээ яг адилхан ачаалал авч, дасгал сургуулилтаа хийдэг гэдгийг охины ээж бидэнд онцлон хэлсэн юм.
Бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Охиноо яагаад таеквондогоор хичээллүүлж эхэлсэн бэ. Гуравхан настай эмэгтэй хүүхдэд арай л ахдахгүй юу?
-Манай охин одоо 3 настай. Эхэндээ харах хүн байхгүй учраас аавтайгаа хамт зааланд ирээд хараад л сууж байдаг байсан. Гурван нас хүрээд ингэж өшиглө, тэгж цохь гэдэг юмыг мэдээд эхлэхээр нь аав нь зааж эхэлсэн. Түүнээс хойш маш их өөрчлөлт гарч охин маань бусдыг хүндэлж, тэвчээр хатуужилд суралцаж байсан учраас цаашид ч энэ спортоор хичээллүүлж, аавтай нь адилхан мэргэжлийн тамирчин болгохоор бэлдэж байгаа.
-Тухайлбал таны охинд ямар, ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?
-Хамгийн чухал нь мэндлэх, хүндлэх ёсыг хамгийн түрүүнд сурдаг нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Таеквондогийн тамирчид заал руу орж ирэнгүүтээ багштайгаа бөхийгөөд ёсолдог. Тарахдаа бас ёсолно. Өөрөөсөө ахмад настай хүмүүст ёсолно. Тэгээд бүсний эрэмбээрээ бас хоорондоо ёсолдог. Миний охин тэр ёсолгоог хамгийн түрүүнд сурсан. Дэлгүүрт ороод гарахдаа ч дэлгүүрийн хүнд ёсолдог болчихсон. Бас зааланд байхдаа хэзээ ч аавыгаа аав гэж дууддаггүй. Хэзээ ч эрхэлж, нялхардаггүй. Дасгалдаа л төвлөрдөг.
-Охиноо таеквондогоор хичүүлдэг гэхээр хүмүүс яаж хүлээж авдаг вэ?
-Таекводогийн спорт болохоор хүмүүс охиноо яах гэж байгаа юм зодоон хийлгэж сургах гэж байгаа юм уу. Зодолдуудах гэж байгаа юм уу гээд ер нь ихэнх нь жоохон гайхаад байдаг. Гэхдээ таеквондогоор хичээллэж байгаа эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдийг бодоход илүү өөртөө итгэлтэй болдог. Түүнээс гадна бусдаас илүү тууштай байдаг. Охиноо өөртөө итгэлтэй, дайчин, хүчирхэг эмэгтэй болгохыг хүссэн учраас энэ спортоор хичээллүүлсэн. Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол мэдээж эмэгтэй хүүхэд учраас тодорхой хэмжээнд биеэ хамгаалах чадвартай болчхоосой гэж хүссэн. Одоо нийгэм ямар болчихсон билээ. Өөрийнхөө биеийг хамгаалаад сурчихсан байхад хаана ч хэрэгтэй гэсэн ойлголт цаана нь явж байгаа гэсэн үг.
-Гүйцэтгэл нь хэр байдаг вэ?
-Гүйцэтгэл бол харьцангуй сайн. Аав нь өдөрт 1 цаг 30 минутаар хоёр цаг дараалж бэлтгэлээ ордог. Эхний 1 цаг 30 минутын туршид бол яг бусад хүүхдүүдтэйгээ адилхан тамирчин хүүхэд яаж бэлтгэл хийдэг яг тэр байдлаар л бие халаалтаа хийгээд бусад дасгалуудаа хийгээд өшиглөлт, цохилтуудаа хийдэг. Насны ялгаа нэг их гарахгүйгээр гурван настай хүүхэд хэрнээ бүгдийг нь хийгээд чадчихдаг. 100 хувь биш ч гэсэн яг өөрийнхөө чадлаар хийгээд, хичээгээд байхыг нь харахад үнэхээр бахархмаар байдаг.
-Тэмцээний нээлтийн үзүүлэх тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцаач. Талбай дээр гараад тулалдаж байгаа охиноо харах ямар санагдсан бэ?
-Тэр тулаан бол миний охины анхны хамгийн том тулаан. Эхлэхээс нь өмнө гайгүй байсан ч яг тулалдаад эхэлсэн чинь өмнөөс нь хамаг бие чангараад, хөлс чийхараад бүр үнэхээр сандардаг юм байна билээ. Үнэхээр хайр хүрэм хөөрхөн байсан. Охиноороо бахархсан. Нээлтийн үзүүлэх тоглолт байсан учраас алт, мөнгөн медаль гэхгүйгээр аль алинд нь бэлэг өгөөд урамшуулчихсан. Тэгсэн орой нь гэртээ ирээд "Найз бид хоёр 2-уулаа ялсан тэ. Бид 2 мундаг байсан тэ" гээд байсан. Тэгэхээр энэ спортын бас нэг онцлог нь би биш бид гэсэн сэтгэхүйтэй монгол иргэнийг бэлдэж байгаа юм. Би ч мянга хэлээд нэмэргүй. Багш нар ч хэлээд ойлгохгүй юмыг спорт өөрөө ойлгуулж өгч байгаа нь хамгийн том давуу тал.