Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Миний хөгшчүүл одоо боль оо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 57 секунд

“Амьдралаас тасарна” гэж хүмүүс ярьдаг. Амьдарч байгаа нийгмийнхээ олонхийн хүрээллээс холдож цөөнхийн тансаг ахуйдаа автахыг хэлээд байгаа хэрэг.

Людовик XIV хааны хатан Марьяа Антоните “үгээгүй хоосорсон ард түмэнд үмх талх алга” гэдэг үгийг сонсоод итгэж ядан “тэгвэл тэдэнд бялуу өг л дөө” гэж хэлсэн гэдэг.

Энэ цуу яриа газар авч хүмүүсийн жигшлийг дээд цэгт нь хүргэж тэсэрснээр 1789 оны Францын хувьсгал  өрнөсөн ч гэх яриа бий. Марьяа тэр үгээ тохуурхаж хэлээгүй билээ. Ард түмэн нь талхгүй хоосон байгааг яагаад ч ойлгож чадаагүй хэрэг. Ахуй нь ухамсрыг бүтээдэг хорвоод хүн ахуйдаа баригдах нь жам ёсны л зүйл. Төр барьж яваа хаад, түшмэд ямба эрхийнхээ ахуйд эзлэгдэн амьдралаас тасарч, туйлдаж хорссон ард түмэндээ бариулж дуусдаг жишээ олон. Харин ард түмнийхээ амьдралын эс ширхэг бүрийг мэдэрч, ойлгож чадсан ухаалаг удирдагчид их хэргийг бүтээж, нэр алдраа дуурсгасан түүх ч цөөнгүй. Ухаан гэдэг нь өөрөө авьяас ажээ.

Манайд өөрсдийгөө агуу төрийн зүтгэлтэн гээд андуурчихсан, ахуйдаа уусаж, амьдралаас тасарсан шилжилтийн үеийн дарга, сайд тэргүүтэй хэдэн өвгөн байна. Тэдэндээ зориулж үгээгүй хүмүүсийн өмнөөс хэдэн үг хэлэхгүй бол горьгүй нь.

Х.Бадамсүрэнг баалах хэрэггүй гэнэ. "Эрдэнэт үйлдвэрийг их наяд төгрөгийн орлоготой ажиллуулсан хүн охиныхоо 102 сая төгрөгийг төлүүлэхэд яадаг юм" гэх агуулгатай мэдээ хэд хэдэн сайт, хэвлэлээр гараад авлаа. Бодвол гэрээтэй хэдэн газарт, Эрдэнэтийн хэвлэл хариуцсан ажилтнууд нь бичиж өгөө биз. Тэр ажилтнууддаа тийм нийтлэл бичих чиглэлийг хэн өгсөн нь ч ойлгомжтой. Нийтлэлийн мөрөөр бид гэмшиж, Х.Бадамсүрэн бадрах ёстой юм байх. Охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн явдлыг шударга хэвийн зүйл гэж хүлээн зөвшөөрөх ёстой болох нь. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт биш Х.Бадамсүрэнгийн уйгагүй их хөдөлмөр л "Эрдэнэт" үйлдвэрийг ашигтай ажиллуулсан гэж бодох ёстой. Арабын шах шиг тансаг өрөөндөө MontBlank-ийн үзгээрээ гарын үсэг зураад л, 500 саяын Benz-ээр салхи татуулан давхих даргын хөдөлмөрийг бид зохих ёсоор нь үнэлж, уран зураг 8 саяар авч өрөөндөө тавихыг нь зөв менежмент гэж ойлгох ёстой юм байх аа. Амьдралаас тасарсан мань өвгөн ард түмэн өөрийг нь яагаад жигшин зэвүүцээд дайраад байгааг огт ойлгож өгдөггүй. Яг нөгөө Марьяа Антоните шиг. Харин ч ёс суртахууны алдаа гаргасандаа уучлал гуйх нь бүү хэл “их наядаар нь л орлого оруулж байхад, яагаад байгаа юм та нар” гэсэн аясаар эрхэлж, туньж, олон нийтийг буруутгах янзтай. Энэ Х.Бадамсүрэнгийн буруу биш. Ахуй нь л түүнийг ийм бодолтой болгосон хэрэг. Үнэхээр ард түмний шүүмжлэлийг ойлгож чадахгүй байгаа юм.

“Махны үнэ 1300 төгрөг гэж байна аа” гэж Сүхбаатарын талбай дээр нэгэнтээ ам алдаж байсан Ө.Энхтүвшин гуай Францын элчин сайдаар томилогдов бололтой. 13000 мянга гээд бичээд өгсөн цаасыг 1300 гэж уншина гэдэг бол махны үнийн талаар ямар ч баримжаагүй явсны шинж. Хүчит шонхороор сард нэг гороолдог энгийн иргэн бол санамсаргүйгээр ч мах 1300 гэж хэлэхгүй. Харин мань сайд Хүчит шонхор гэж зах байдаг үгүйг мэддэг ч юм уу "бөө мэд" ээ.

Хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж гуай нэгэн шүдний эмнэлэгт очерлож байгаа зураг цахим сүлжээнд тарав. Очер бол иргэдийн дунд байдаг энгийн л зүйл. Харин Ц.Нямдорж юманд очерлож байвал эгэлгүй агуу үйл хэрэг юм байна. Ийм л амьдралаас тасарсан хүн л дээ. Эрдэнэтэд хүүгийнхээ бизнесийг дэмжээд өг гэж утсаар хэлсэн тухайгаа ичиж зовох зүйлгүй ТВ-ийн дуранд ярьж орхидог чанга эр. Ийм үйлдлийнхээ төлөө яагаад ичих ёстойгоо Ц.Нямдорж бодоод бодоод ойлгохгүй.

“Замын Буд” гэж алдаршсан, Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд гэж нүдэнд дулаахан өвөө бий. Ажилтнууд нь сумын төвд сая төгрөгөөр байр түрээсэлж, долоон приус худалдаад авчих мөнгөөр хувийнхаа машиныг байгууллагадаа түрээслүүлж байгааг өөрөө бол эрүүл, зөв менежмент гэж хэлэх биз. Хотын А зэрэглэлийн бүсэд тавилгатай 3 өрөө байрны түрээс 1 сая төгрөг байдаг, 76 саяар 7 приус худалдаад авчихаж болно гэдгийг огт мэдэхгүй байх аа. Ер нь приус гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байж мэдэх юм. Замын салбарын ойдоо зориулж 90 сая төгрөгөөр цүнх хийлгэсэн нь салбарын тулгамдсан асуудлаа шийдэж яваа хүний сайн менежмент гэж л ойлгох хэрэгтэй.

Монголын төрийн хайр хишгийг харамгүй дээдээр хүртэж, 8 жил маяктай машинаар сүнгэнэсэн экс Ерөнхийлөгч Н.Багабанди маань Рио Тинтогоос цалин аваад явж байгаагаа болохгүй буруу зүйл гэж хэзээ ч бодохгүй. Монголын эрх ашгийн төлөө Рио Тинтогоос цалин авч тэмцэнэ гэдэг эрүүл үзэгдэл мөн үү. Тэр тусмаа Ерөнхийлөгч байсан хүн. Тус гэрээг 2009 онд байгуулсан, 2015 онд Дубайд өөрчлөлт оруулсан дээрх ажлуудыг хийсэн Засгийн газрын гишүүд шоронд орчихсон байхад гэрээний үүргийг шууд хангуулж шаардах ёстой удирдах зөвлөлийн гишүүн нь 100 мянган ам.доллараа аваад л, ажиг ч үгүй суух юм. Насан туршдаа Засгийн газрын гишүүний цалин авах эрхтэй мань Ерөнхийлөгчид Монголын ард түмэн илүү их өртэй юм байх аа. Тэтгэврийн зээлийг нь тэглэж, Титэм үгийг нь үйлдвэрт шахахаас өөр яалтай билээ.

Ийм л хэдэн хөгшин, ард түмнийхээр бол даварчихсан, өөрсдийнхөөр нь бол чөмгөө дундартал зүтгэсэний хариуд эдлэх ёстой эрхээ эдэлж яваа хүмүүс төрийн нэр хүнд, эрх баригч намын нэр хүндийг сайхан буртаглаж байна. Өөрсдийгөө агуу гавьяатай гэж боддог юм бол Сүхбаатарын талбайгаас урагшаа суурьшсан цөөн баячууд, хойшоо шидэгдсэн борчуудын амьдралын огт өөр хоёр ертөнцийг бүтээгчид нь хэн болох юм бэ? гэдэгт хариулт өгчих хэрэгтэй л дээ.

Тэд ухаан муутайдаа эсвэл цэвдэг хомхойдоо ингэж яваагүй  л дээ. Үнэхээр л эдлэх ёстой эрхээ эдэлж байгаа гэдэгтээ яс махаараа дэндүү гүнзгий итгэчихсэн яваа. Бас нэг харамсмаар зүйл нь тэдний үр хүүхдүүд улсын зардлаар үнэгүй сурч, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын албан тушаалд торох юмгүй сууснаа эдлэх ёстой эрх ямба гэж ойлгож яваа. Авлигын хоёр дахь үеийнхэн хамгийн хортой, учир нь тэд авлигыг заяагдмал эрх гэж андуурдаг гэлцэнэ. Яг тийм гүнж, хунтайж нар төлбөрөө төлүүлж, төрийн том албандаа томилогдож эхэллээ л дээ.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж явсан хүмүүсийн хувьд цаг үеэ мэдрээд больчихож болдоггүй л юм байх даа. Болих сайхан шүү дээ, хө.

О.ЦАГАРИГ

www.ubn.mn

Энгийн л нэгэн залуугийн тухай
Энгийн л нэгэн залуугийн тухай
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.