Түүнийг Н.Тэмүүлэн гэдэг. 26 настай. Ажил хийж, хажуугаар нь их сургуульд сурдаг завгүй залуу. Эхнэр, хүүгээ хайрлаж, амьдралаа өөд татаж яваа эр хүн. Гудамжаар алхаж яваа олон мянган залуучуудын л нэг... Даанч анх харсан хэн ч түүнийг яг ингэж энгийнээр хүлээж авч чаддаггүй...“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв дээр түүнийг зорьж очлоо. Энэ байгууллагад 16 настайгаасаа ирж, очиж, сургалт, семинарт сууж явсаар ажилд оржээ. Эндээс л тэр амьдралын ханиа олсноо ярьсан юм.
26 жилийн өмнө ээжээсээ эв эрүүл хүү төрсөн нь Н.Тэмүүлэн байв. Гэтэл дөрвөн сартайдаа хатгаа авч, хүндэсний улмаас цахилгаан менингит өвчний халдвар авчээ. Даанч эмч нар зөв оношилж, эмчилж чадалгүй хугацаа алдаж, тархины саажилт явагджээ. Ямар ч үед хөдөлгөөнөө хянаж чадахгүй, тэргэнцэрээр хөл хийх болсон ч Н.Тэмүүлэн ийм хувь тавиландаа хэзээ ч харамсаж байгаагүй гэдгээ хэлсэн. “Хүнээс дутуу. Эрүүл байсан байсан бол гэж бодоод эмороод суух зав байдаггүй. Багаасаа л би бусдаас өөр шүү дээ. Хүн намайг доромжилж байна гэж гутарч байгаагүй. Угаасаа тиймэрхүү зүйлийг тоодоггүй зантай нь магадгүй өнөөдрийн Тэмүүлэн болоход нөлөөлсөн байх” гэв.
СУРГУУЛИЙН АВТОБУС ХУГАЦАА АЛДАХ ШАЛТГААН
Н.Тэмүүлэн одоо МУИС-ийн ХЗС-д суралцдаг. Удахгүй сургуулиа төгсөж, зорьсон нь биелнэ. Энэ хүртэлх зам түүнд амар байгаагүй. Автобустай сургуульд сурдаг байсан нь түүнд хугацаа алдах шалтгаан болж байж...
Хоёр настайгаасаа тархины саажилттай хүүхдүүд хүмүүждэг тусгай цэцэрлэгт суралцжээ. Тухайн үед найман настай хүүхдүүд сургуульд элсэн суралцдаг байсан ч түүнд ийм боломж олдсонгүй. Учир нь, тэр үед тархины саажилттай хүүхэд сургуульд сурах нөхцөл боломж бүрдээгүй үе. Тэдэнтэй ажиллах багш, боловсон хүчин бэлтгэгдээгүйн дээр гэр бүлийхэн нь хүүхдээ сургуульд сурч чадна гэсэн итгэлгүй, сургуульдаа ирж очих, сургуулийн орчны аюулгүй байдал зэргээс үүдэн Н.Тэмүүлэн 11 нас хүртлээ цэцэрлэгтээ хүмүүжихээс өөр аргагүйджээ.
2006 онд цэцэрлэгийнх нь удирдлагууд удаан хугацаанд хөөцөлдсөний эцэст 25 дугаар тусгай сургуульд Германы хөрөнгө оруулалтаар тархины саажилттай хүүхдүүдийг сургах анги шинээр нээжээ. Ингэж л Н.Тэмүүлэн үеийн хүүхдүүдийнхээ нэгэн адил сургуульд сурах боломжтой болсон байна. Сургуулийн нас нь болсон ч цэцэрлэгтээ хүмүүжсээр байсан 10 нөхөд сургуульд баяртайгаар элсэн орсон явдал тэднийг өөртөө итгэлтэй зорилго тавих эхлэл болжээ.
Н.Тэмүүлэн “Би анх сургуульд ороод үнэхээр баяртай байсан. Ямар гоё юм бэ. Би сургуульд орчихлоо гээд л. Эхний хоёр жил сургуульд сурах надад гоё байсан. Сүүлдээ уйтгартай болж эхэлсэн. Үзсэн хичээлээ давтаж үзээд л. Тэр үед би багшаасаа асуусан. Яагаад шинэ зүйл үзэхгүй байгаа юм бэ гээд. Гэтэл багш надад хэлэхдээ “Яг үнэндээ манай сургууль та нар шиг ийм хүүхдүүдийг авдаг сургууль биш. Манай сургуульд ихэвчлэн оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг учраас хичээлийн программ нь хөнгөн байдаг юм аа” гэсэн. Тэгэхэд би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Тэгээд гэрийнхэндээ “Би энэ сургуульд хангалттай хөгжиж чадахгүй байна аа. Би өөр сургуульд сурмаар байна” гэж хэлсэн. Гэтэл манай гэрийнхэн өөр сургууль руу зөөхөөс төвөгшөөгөөд зөвшөөрөөгүй. 25 дугаар сургууль хүүхдүүдээ хүргэж өгч авдаг автобустай байсан юм. Тэгэхэд би их цаг алдсан. 9 дүгээр анги төгстлөө явсан. Ингээд сургуулиа төгсөөд СЭЗДС руу очоод “Би сургуулиа төгссөн. Их сургуульд сурах хүсэлтэй байна аа” гэсэн чинь, миний уулзсан багш надад “Чамайг манай сургууль авч болно оо. Гэхдээ чиний эзэмшсэн боловсрол манай сургуулийн стандартад хүрэхгүй байна. Тэгэхээр чи цаашаа сурах хэрэгтэй байна аа” гэж хэлсэн” хэмээн тэрбээр ярьсан. Энэ үг түүнийг мохоох биш харин ч эрчилж өгчээ.
Тусгай сургуулийн 9 дүгээр ангийн боловсрол жирийн сургуулийн 5, 6 дугаар ангийнхтай л тэнцэнэ. Тиймээс Н.Тэмүүлэн нэг жил гэртээ сууж ердийн сургуулийн 9 дүгээр анги хүртэлх хичээлийг давтаж судлаад дараа жил нь 71 дүгээр сургуульд хүчээр шахуу орчихжээ. Ингээд 11 дүгээр анги төгстлөө сурч, ЭЕШ өгөөд МУИС-ийн ХЗС-д өөрийн мэдлэгээр тэнцэн орж суралцах болсон нь үнэхээр бахархалтай түүх юм.
Шаргуу хөдөлмөрлөж, өөртөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлж яваа ч “Манай улсын боловсролын тогтолцоо тэгш хамруулна гэж ярьдаг ч олон улсын жишигээс арай өөрөөр ойлгоод байгаа шиг байгаа юм. Энгийн сургууль дотор тусгай анги нээх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулах зэргээр л ойлгоод байх шиг байна. Гэтэл энгийн сургуульд, энгийн хүүхдүүдтэй хамт сургах нь тэгш хамруулах шүү дээ” хэмээн эмзэглэн ярих нь өөр шигээ дүү нарын туулах замын саадыг бага ч гэсэн арилгаж, туулах замын уртыг нь бага ч гэсэн хугаслах гэсэн сэтгэлийнх биз ээ. Уг нь, манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэгш боловсрол олгоно, энгийн сургуульд сургана гэх зэргээр сайхан үгсийг агуулсан хууль бий. Даанч хууль байгаа ч дагалдах журам нь батлагдан гараагүй, хэрэгжүүлэх хүмүүс буюу туслах багш нар байхгүйгээс энэ сайхан үг хууль дотроо л царцаж байна.
Энэ талаар Н.Тэмүүлэн “Уг нь олон улсын хэмжээнд журам нь эхэлж гараад, хэрэгжээд хууль нь дагаж гардаг бол манай улсад хууль нь гараад, журам нь батлагддаг. Хэчнээн сайхан нэртэй хууль батлагдаад журамгүй бол амьгүй” хэмээн учирласан.
БИЕ ДААЖ АМЬДРАХЫГ ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ
Монгол хүн бүрд Үндсэн хуулиар олгогдсон эрх бий. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд наад захын эрхээ ч эдэлж чаддаггүй тохиолдол түгээмэл. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тэдний эрхээ эдлэх боломжоор хангах учиртай. Энэ хуульд дурьдагдаж буй үг, үсэг бүр амьдрал дээр хэрэгжих мөчид хөрөнгө санхүүгээс үүдэн төмөр хана мөргөн унаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх гэж бий. “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв нь энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүст зориулсан үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд ажлаа сайн чадаж байгаагийн тод илрэл Н.Тэмүүлэнгийн амьдралаас харагдана. 16 настайгаасаа тус төвд явж, хүмүүстэй уулзаж, уншиж, судалж, сонссоны үр дүнд тэр хүн л болж төрсөн юм чинь бусдын хийдэг бүгдийг хийж үзэх ёстой юм байна. Тэгж байж л хүн болж төрснөө илүү их мэдэрч, амьдралаа хайрлах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх юм байна гэдгийг өөртөө нээжээ. Тэр ч бүү хэл Н.Тэмүүлэн Монголд анх удаа бие даан амьдарсан хөгжлийн бэрхшээлтэй залуу.
Таван жилийн өмнө тус төвийн тэргүүн Н.Тэмүүлэнд олон улсын төсөлд хамрагдаж, бие даан амьдрах санал тавьжээ. Энэ нь анх хэн ч бодсон боломжгүй мэт байсан үнэхээр тэр бие даан амьдраад таван жил болж байгаа аж.
“Та намайг яаж бие даан амьдарч байгаа гэж бодож байна” гэх асуултыг надад тавьж багахан санаргаад авсан тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүн шийдвэр гаргаж, сонголт хийж, үүндээ хариуцлага хүлээж чадаж байвал энэ бол бие даан амьдарч байгаа гэсэн үг юм. Ингэхдээ хувийн туслах үйлчилгээг авна. Надад л гэхэд өдөрт 2-3 хүн ирж тусалдаг. Тэд миний шийдвэр гаргах, сонголт хийх, шийдвэр гаргахад дэмжлэг болно гэсэн үг” хэмээн тайлбарлав.
“Аав, ээж хоёр маань намайг бага байхад салсан учраас би эмээ, өвөө дээрээ өссөн. Нэг л өдөр очоод би бие дааж амьдрахаар боллоо гэхэд гэр бүлийнхэн эсэргүүцэж байсан. Намайг бие дааж амьдруулахад манай гэр бүл нэгдүгээрт маш их зориг гаргах шаардлагатай. Гэсэн ч хоёрдугаарт, хүүхдийнхээ ирээдүйг бодох ёстой. Муугаар бодоход цаг хугацаа өнгөрч, аав ээж, өвөө, эмээ бурхан боллоо гэхэд нөгөө үлдэх хүн яаж амьдрах билээ. Тийм биз дээ. Надтай сургуульд хамт орсон 10 хүүхдийн 8 нь одоо дөрвөн хананы дунд зүгээр л хэвтэж байгаа. Гэтэл хүн болж төрсөн хувь заяа чинь ямар ховор билээ. Нэгэнт л хүн болж төрсөн юм бол бүх зүйлийг үзэх л хэрэгтэй. Сургуульд сурах, гадуур зугаалах, тэр ч бүү хэд найзуудтайгаа шоудах ёстой. Энэ бүхнийг мэдэрч чадаж байгаа нь л өөрөө маш чухал зүйл” юм хэмээн ярьсан Н.Тэмүүлэнг анх тусдаа гарахад нь гэрийнхэн нь байнга залгаж, юу хийж байгааг нь асууж лавладаг байсан бол сүүлдээ санаа зовж залгах дуудлагын тоо багасжээ. Сүүлийн хоёр жил Н.Тэмүүлэн өөрөө түрүүлж залгадаг болсон хэмээн ярьсан нь гэр бүлийнхэнд нь итгэл төрснийх биз ээ.
Өвөө, эмээгийн хайр халамжид өссөн түүнд ганцаараа амьдарч өөрийнхөө хүссэнийг хийх боломжтой болсон нь хамгийн сайхан. Гэвч бэрхшээлтэй зүйл ч байв. Өмнө нь огт мөнгөтэй харьцаж үзээгүй учраас байрны мөнгө, хоол унд, хувийн туслахын цалин гэх зэргээр олсон мөнгөө зарцуулж, тухайн сарынхаа хэрэгцээнд жигд хуваарилах зэрэг нь маш хүнд байжээ. Харин тэр “Одоо бол сурсаан” хэмээн хэлсэн.
Олон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүн хувийн туслахтай бие даан амьдрах нөхцөл бүрдээд 30, 40 жил болж байгаа аж. “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв үүнийг халамжийн системд оруулахаар ажиллаж байгаа аж. Хууль, журам нь гарсан ч хөрөнгө санхүүгийн асуудал нь Сангийн яаман дээр очоод гацчихаад буйг ч тэрбээр хэлсэн. Шийдэгдэхгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн хувийн туслах авах юм шиг бодоод, их мөнгөний тоо гараад байгаагаас үүдэлтэй аж. Гэвч ингэж амьдрах боломжтой хүнээ тооцож гаргах ухаан дутсаных уу, төвөгшөөснийх үү асуудал шийдэгдэхгүй байгаа гэнэ.
Хувийн туслахын цалин урамшууллыг хэрхэн тооцох, сардаа хэдэн цаг хувийн туслах ажиллуулж болох зэргийг журам дүрэмдээ нарийн заагаад өгсөн учраас тэр журмаа баримтлан оюутнуудыг энэ ажилд хамруулж болох бүрэн боломжтойг ч “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв харуулаад, зохион байгуулаад явж байгаа юм байна. Тус төвд цагийн ажилтан 30-40 залуу байгаа ч хангалттай хүрэлцдэггүй аж.
Н.Тэмүүлэнгийн жишгээр гурван залуу одоо бие даан амьдарч байгаа. Үүнээс үзэхэд бас л тэр үеийнхээ залуусын туулах замын уртыг товчилж өгсөн ачтан...
ӨӨРӨӨ Ч ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ ГЭР БҮЛ
“Би өөрийгөө гэр бүл зохиогоод явна гэж үнэндээ бодоогүй. Төсөөлж байсан л даа. Гэхдээ л чадна гэсэн итгэл байгаагүй. Одоо эргээд харахад аль хэдийнэ чадаад хоёр жил болох гэж байна. Хүн гэр бүлтэй болно гэдэг тийм ч амар зүйл биш. Наад захын асуудал санхүүгээс эхэлнэ. Асуудлаас илүү гэр бүлтэй болж чадсан гэдэг маань л маш их баярламаар зүйл” хэмээн ярьсан тэрбээр “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвөөс тэр олон зүйлийг шүүрдэж, өөртөө эрдэнэ бүтээсний нэг нь түүний гэр бүл. Хөнгөн зэргийн бэрхшээлтэй хөөрхөн охин таван жилийн өмнөөс тус төвд ирэх болсон нь Н.Тэмүүлэнгийн ирээдүйн эхнэр, хөөрхөн хүүгийнх нь гэргий байв. “Би их сахилгагүй байсан. Тэр охиныг өдөөд л. Анх л “Би энэ охиныг өөрийн болгоно доо” гэж бодсон. Түүндээ ч хүрч чадсан. Миний алдаа бол хадмуудтайгаа танилцахгүй маш удаан явсан. Гэтэл нэг л өдөр “охиныг маань ямар хүн уруу татаад байна” гээд хадмууд хүрээд ирсэн. Тэгээд ойлголцож чадаагүй учраас найз охиноо авч зугтаж ч үзэж байсан. Тэр үйлдэл маань хадмууд надад бүр дургүй болох шалтгаан болсон. Одоо ч би бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байгаа. Тодорхой хугацаа шаардах байх. Цаашид илүү их хичээх болно оо” гэх түүний ярианаас өөртөө өндөр зорилго тавьдаг нь харагдана.
Хүүхэдтэй болох нь, аав болох нь гэдгээ анх мэдээд баярлаж байсан ч бас айдастай байснаа ярьсан тэрбээр “Хүү маань одоохондоо ой гарантай. Аавыгаа бусдаас өөр гэдгийг арай ойлгоогүй л байгаа. Аавтайгаа хамт өсөх учраас учрыг нь өөрөө ойлгох байх. Гэхдээ цэцэрлэгт орох үед нь ч юм уу, сургуульд ороход нь хүүхдүүд “Танай аав чинь яагаад ийм юм бэ” гэж асуух байх. Тэр үед нь бодож байгаад хүүдээ илүү ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө” хэмээн ярьсан.
“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвд ажиллаж, Жайка олон улсын байгууллагад сургагч багш хийж, сургуульдаа сурах гээд гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байгаадаа гэмшиж яваа жирийн л нэгэн аавтай ийнхүү ярилцлаа.
Тэрбээр “Намайг гаднаас нь хараад юу ч мэдэхгүй, юу ч ойлгодоггүй гэж боддог. Хажуугаар өнгөрөхдөө л “Иш чааваас” гэж хэлдэг. Үүнд нь анхандаа би уурладаг л байсан. Гэвч энэ бол тэр хүнд уурлах шалтгаан биш байхгүй юу. Тэр хүн өмнө нь над шиг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараагүй, харьцаж үзээгүй байж болно. Намайг гадуурхах гэж, доромжлох гэж тийм үйлдэл гаргаагүй байхгүй юу. Тиймээс би тэр хүмүүстэй харьцаж, өөрийгөө ойлгуулах ёстой гэж боддог. Сайн сайхан зүйл вирус шиг нэг хүнээс нөгөөд халддаг учраас сайн зүйл ярьж, хийдэг байгаарай” хэмээн уриалсан юм.
Ярилцсан: Б.ЦЭДЭВСҮРЭН
Гэрэл зургийг: С.ХОНГОРЗУЛ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нь" нийтлэлийн уралдаанд зориулав.