БНХАУ-ын Харбин хотноо удахгүй нээлтээ хийх IX Азийн өвлийн наадамд Монгол улсаас цана, тэшүүр, биатлон болон кёрлингийн спортын төрөлд нийт 36 тамирчин оролцох билээ.
Үүнээс кёрлингийн спортын холимог багийн төрөлд тамирчин С.Баяр, Г.Энхзаяа нар анх удаа багаа төлөөлөхөөр бэлтгэлээ базааж байна.
Өнөөдөр Монголын кёрлингийн холбооны баг тамирчдын бэлтгэл сургуулилттай МҮОХ-ноос танилцав. Шинэ тутам хөгжиж буй энэхүү өвлийн спортоор эрэгтэй, эмэгтэй нийт 15 орчим тамирчин тогтмол хичээллэж байгаа бөгөөд 2022 оны 10 сард Финланд улсад зохиогдсон өсвөрийн ДАШТ-д бүтэн багаараа оролцож байсан туршлагатай ажээ.
Тус спортыг Монгол улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, улмаар мэргэжлийн тамирчдын тоог нэмэгдүүлж олон улсын түвшинд амжилт үзүүлэх зорилгоор Монголын кёрлингийн холбоо /МКХ/-ны зүгээс шат дараатай арга хэмжээ авч, 2019 оноос үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байна.
МКХ нь тамирчдаа жил бүр туршлага солилцох, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор гадаадын оронд бэлтгэлд хамруулдаг бөгөөд 2024 оны 8 дугаар сард Норвеги улсын Лиллехаммер хотноо болсон Залуучуудын кёрлингийн цугларалтад 4 тамирчин, 1 дасгалжуулагчийг хамруулаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!