Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хар машин“-даа итгээгүй Доналд Трампын фото түүх

Ангилал
Facelook
Огноо
Унших
11 минут 28 секунд
"Улаанбаатар ньюс" сайт олны танил хүмүүсийн амьдралыг ховор нандин зургуудаар нь өгүүлэх "Facelook" булангийн шинэхэн дугаарт Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн магнат, телевизийн шоуны од, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын түүхийг онцолж байна. Тэрбээр Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийнхөө ялагдлын шалтгааныг "хулгайлагдсан сонгууль" гэж нэрлээд байна. 

1. Дөрвөн настай, алтан шаргал үстэй энэ жаал бол 66 жилийн дараах АНУ-ын ерөнхийлөгч юм. Доналд Жон Трамп 1946 оны 6-р сарын 14-нд Нью-Йорк хотын Куинс дүүргийн Ямайка эмнэлэгт төржээ. Тэрбээр багын л эрч хүчтэй, тууштай нэгэн байв. 

2. Тэрээр 5 хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. 

  • Том эгч Марианна Трамп Барри АНУ-ын Гуравдугаар тойргийн давж заалдах шатны шүүхийн ахлах шүүгч байсан боловч дүү нь ерөнхийлөгч болсны дараахан ажлаасаа түр татгалзжээ.
  • Бага Фред Трамп аавтайгаа богино хугацаанд ажиллаж байгаад нисгэгч болжээ. Тэрбээр архинд донтож, улмаар 1981 онд 43 насандаа таалал төгссөн тул Доналд хэзээ ч архи уудаггүй, хар тамхи хэрэглэдэггүй гэдгээ мэдэгджээ. "Тэр миний амьдралд маш их нөлөө үзүүлсэн, яагаад гэвэл чи хаашаа явахаа хэзээ ч мэдэхгүй" гэж Трамп хэлдэг. 
  • Бага эгч Элизабет Трамп Грау тэтгэвэрт гарсан банкир хүн.
  • Дүү Роберт Трамп нь карьерынхаа ихэнх хугацааг гэр бүлийн компанид ажиллаж өнгөрүүлжээ. Тэрбээр 2020 онд 71 настайдаа нас барсан. 

3. Илүүдсэн эрч хүчийг зөв чиглүүлсэн нь.  Эцэг эх нь түүнийг 13 настайд нь Нью-Йоркийн Цэргийн академид явуулсан бөгөөд сургуулийн сахилга бат нь түүний эрч хүчийг эерэг байдлаар чиглүүлнэ гэж найдаж байв. Тэрбээр академид нийгмийн болон академийн хувьд сайн суралцаж, 1964 онд төгсөхдөө од тамирчин, оюутны удирдагч болж өсчээ. 

4. Эдийн засагч Трамп. 18 насандаа Фордхамын Их Сургуульд элсэн орсон ба хоёр жилийн дараа Пеннсильванийн Их Сургуулийн Вартон сургуульд шилжиж, 1968 оны 5-р сард эдийн засгийн чиглэлээр суралцан төгсжээ.

4. Удмаараа бизнесменүүд. Түүний аав Фредерик Крист Трамп нь Нью-Йорк дахь Америкийн үл хөдлөх хөрөнгийн томоохон үйлдвэрлэгч байв. Куинс, Статен Айланд, Бруклинд дунд орлоготой хүмүүст зориулсан орон сууц барих, ажиллуулах чиглэлээр мэргэшсэн барилгачин, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч байжээ. ХаринТрампын ээж Мэри МакЛеод Шотландын Тонг хотоос 17 настайдаа цагаачилж ирсэн бөгөөд Фред Трамптай 1936 онд гэрлэжээ. Гэр бүлийн хөрөнгө чинээ нэмэгдэхийн хэрээр Мэри Нью-Йоркийн нийгэмлэг, хүмүүнлэгийн үйлстэн болжээ. 

5. Өндөр хамартай, харц дээгүүр хөрөнгөтнүүд. Түүний өвөө Фредрик Трамп Канадын Сиэтл, Клондайк зэрэг үсрэнгүй хөгжиж буй хотуудад ресторан ажиллуулан Трампын гэр бүлийн хөрөнгийн суурийг тавьсан байна. 

6. Эцгээсээ суралцагч. Дональд Трамп ба түүний эцэг Фред нар 1973 онд Бруклинд аавынхаа сүүлчийн төсөл болсон Трамп тосгонд.

Доналд Трамп тухайн үед эцгийгээ даган үл хөдлөх хөрөнгийн мэдлэг, ур чадвараас нь суралцаж байлаа. Эцэг нь 1999 онд, ээж нь дараа жил нь мөнх бусыг үзүүлжээ. 

7.Mиссийн тэмцээний бизнес эрхлэгч залуу Трамп 1988 онд 55 мужийн миссүүдийн хамт. 

8. Эхнэрүүд. Доналд Трамп 3 удаа гэрлэсэн. 1991 онд Ивана Зельникова, 1993-1999 онд Марла Маплес, 2005 онд Мелания Кнаусстай гэр бүл болжээ. 

  • Ивана Трамп- 1977 онд Трамп өөрийн анхны эхнэр Ивана Трамптай гэрлэсэн. Ивана Трамп 1972 оны Чехийн Олимпийн цанын багт ээлжлэн ажиллаж байсан Нью Йоркийн загвар өмсөгч. Тэрбээр "Trump Organization"-ийн дизайн хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдож, "Commodore" болон "Plaza" зочид буудлын шинэчлэлд хяналт тавихад томоохон үүрэг гүйцэтгэсэн.
  • Марла Mэплэс- 1993 онд Трамп хоёр дахь эхнэр Марла Мэплэстэй гэрлэсэн ч 1997 онд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж, 1999 оны 6-р сард эцэслэн шийдэгдсэн.
  • Мелания Трамп- Трампын одоогийн гэргий, Словенийн загвар өмсөгч асан, 23 насны зөрүүтэй Мелания Трамптай 2005 онд гэрлэж, нижгэр тансаг хурим хийсэн. Хуриманд оролцсон олон алдартны дунд Хиллари Клинтон, Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар байв. 

9. Хүүхдүүд. Трамп таван хүүхэдтэй. Түүний анхны эхнэр Ивана Трамптай хамт гурван хүүхэд төрүүлсэн нь: 1977 онд төрсөн бага Доналд Трамп; 1981 онд төрсөн Иванка Трамп, 1984 онд төрсөн Эрик Трамп нар байв. Харин хоёр дахь эхнэр Марла Маплес нар 1993 онд охин Тиффани Трампыг төрүүлсэн бол одоогийн эхнэр Мелания Трамп 2006 оны 3-р сард Трампын хамгийн бага хүүхэд Баррон Уильям Трампыг төрүүлжээ. 

10. Залуу насаа зарцуулсан үл хөдлөх хөрөнгийн бизнес.  Залуухан Доналд Трамп 1980 онд "100 South Park South"-ийг худалдан авахынхаа өмнөхөн өөрийн "Trump Tower"-ын макетийг тохойлдон зургаа авахуулжээ. Трамп аавыгаа дагаж үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн карьераа эхлүүлж, гэр бүлийн бизнест өөрийн том хүсэл эрмэлзлийг авчирсан. Трампын бизнесийн ажлууд нь "The Trump Organization", "Trump Tower", Атлантик Сити дэх казино мөн "The Apprentice", "Miss Universe" зэрэг телевизийн франчайз юм. 

2017 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Трамп орлогын тэн хагасыг гольфын сургалтын бизнес бүрдүүлдэг гэжээ. Санхүүгийн эх үүсвэртээ "The Art of the Deal", "The Crappeled America: How to Make America Great America" хэмээх номынхоо орлогыг дурджээ. 

11. 2005-2010 он хүртэл Трамп үл хөдлөх хөрөнгийн сургалт голлосон "Трампын их сургууль"-ийг байгуулан эзэмшиж байжээ.

12. Трампыг алдаршуулсан реалити шоу. 2004 онд Трамп NBC телевизийн хит реалити цуврал болох "The Apprentice"-д тоглож эхэлсэн. Баян эрийг олны танил болгоход энэ нэвтрүүлэг маш их үүрэг гүйцэтгэжээ. Трамп нэр хүндээ улс төрийн карьертаа чадварлагаар ашигласан юм. 2015 онд Бүгд найрамдах намын тасалбараар АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ зарлав. Анхан шатны сонгууль, намын бүлгүүдийн олонхийн санал авсны дараа Трамп 2016 оны 7-р сарын 19-нд ерөнхийлөгчийн албан тушаалд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч болов.

13. Улс төрийн нам дамжигч. Трамп одоогоор Бүгд найрамдах намын бүртгэлтэй, энэ намаасаа 2 дахь удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэд хэдэн удаа намаа сольж байсан.

  • 1987 онд Трамп Бүгд найрамдах намаар бүртгүүлсэн;
  • хоёр жилийн дараа буюу 1989 онд бие даагчаар бүртгүүлсэн.
  • 2000 онд Трамп Шинэчлэлийн тавцан (Reform platform) намаас анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байв.
  • 2001 онд тэрээр Ардчилсан намын гишүүнээр бүртгүүлсэн. 
  • 2009 он гэхэд Трамп дараа жил нь болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгох үүднээс Бүгд найрамдах нам руу буцаж орсон.
  • 2011 онд бие даагчаар бүртгүүлсэн ч 
  • эцэст нь 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авахаар Бүгд найрамдах намд эргэн ирж, түүнээс хойш Бүгд найрамдах нам хэвээр байна.

14. Орлого. Тэрээр ерөнхийлөгч болсны дараа буюу 2017 онд өөрийн нийт орлогыг 2.5 тэрбум доллар хэмээн мэдүүлжээ. 

15. Трамп хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн ба тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь “Home alone-2” болон ирээдүйг зөгнөсөн алдарт бүтээл "The Simpsons" зэрэг юм. Мөн тэрээр Холливудын алдрын гудамжинд өөрийн гэсэн "ОД"-той нэгэн.

16. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч. 2016 онд Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Хилари Клинтон нийтийн саналаар Трампаас олон санал авсан ч төлөөлөн сонгогчдын саналаар (Трамп 304, Хилари 227) Трамп ялж хүчирхэг гүрний 45 дахь ерөнхийлөгч болов. 

17. Шүүмжлэл. Трамп өнгөрсөн хугацаанд исламын шашинт иргэдийн эсрэг хатуу журам гаргаж, хууль бус цагаачилсан айл өрхийн хүүхдүүдийг салган тусгаарлаж, дэлхийн дулааралтай тэмцэх Парисын хэлэлцээрээс түтгэлзэж, Дэлхийн ЭМБ-аас гарч, улс орондоо Ковид 19-ийн эсрэг тэмцэлгүй алдсан зэрэг олон зүйлсээр буруутгагдаж буй.

Гавъяа. Эсрэгээрээ татварын багц хуулийг өөрчилсөн, НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчилэн байгуулсан, Сири улсад химийн зэвсэг хэрэглэхийн эсрэг хатуу байр сууриа илэрхийлж, НАТО зэрэг байгууллагын гишүүн орнуудын татварын хэмжээг нэмэгдүүлж, Ираны эсрэг хатуу арга хэмжээ авсан зэргээр нь хүлээн зөвшөөрөх хандлага байна.

18. Гарамгай хочлогч. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгч Жо Байденыг тэрээр “юу ч хийгээгүй он жилүүд”, “Унтаа Байден” гэх мэтээр шүүмжилдэг. Дашрамд өгүүлэхэд, Трамп бусдад доромж хоч өгөхдөө гарамгай. Хиллариг “Хэлтгий Хиллари”, Билл Клинтоныг “Мунаг Бил”, Обамаг “Хулхи Обама”, Чак Шуумерийг (сенатч) “Уйланхай Чак” (нэгэн цагт энэ хоёр нөхөрлөж явсан), Елизабет Уорренийг “Сумтай Уоррен”, Ким Жон Ун-г “Пуужин хүү” гэх мэтчилэн толгой холбон нэрлэхдээ гарамгай. Тэр бүрд нь шүтэн бишрэгчид нь уухайлан хашгирч, дэмжиж байдаг.  Энэ нь хүмүүс түүнд дуртай байх гол чанар болдог.

19. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Жуниор 2018 оны зун Монгол Улсад аялахдаа ховордсон амьтдын тоонд багтдаг аргаль агнаад буцсан тухай мэдээлэл нэг хэсэг манай хэвлэлүүдийг шуугиулж байв. 

www.ubn.mn

 

Анх удаа саналаа өгч буй алдартнууд
Анх удаа саналаа өгч буй алдартнууд
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.