Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд арван хороонд халиа, тошин үүсээд байна. Үүнээс тус дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэр орчимд 15 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Манай байгууллагаас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлж ажиллаж байна. Нэмэлтээр нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд ажилласан. Харин өнөөдөр тус дүүргийн 35 хороонд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан автомашин механизмтай ажиллаж 1 км суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв.
Тухайн дүүргийн нөхцөл байдлын талаар Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Нарангийн энгэр нь 2-3 байнгын урсацтай булаг, шандтай бөгөөд 2019 оноос эхлэн зундаа их хэмжээний үер буух, өвөлдөө халиа тошин үүсэх болсон. Үүнтэй холбоотойгоор зундаа сувагчлалыг нь өргөсгөх, шороон далан босгох ажлыг хийдэг ч өнөөдрийн байдлаар шороон далангууд мөсөөр дүүрч, ус чөлөөтэй урсах боломжгүй болоод байгаа юм. Иймд цаашид голын голдирол дагуу суурьшсан айл өрхүүдийн газрыг чөлөөлж, үерийн хамгаалалтын далан хийхээс нааш уг асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна” гэлээ.
Мөн тухайн хорооны зүгээс айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг өгөхөөс гадна иргэдийн зорчдог хэсэгт халтиргаа гулгаатай гэх утга бүхий мэдээллийн самбарыг байршуулаад байгаа юм. Түүнчлэн үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд нүүх шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг жил бүр хүргэдэг боловч өнгөрсөн онд нэг айл нүүж, бусад айл нь одоог хүртэл нүүгээгүй гэдгийг албаныхан онцолж байв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!