Аравдугаар сарын сүүлийн өдөр өвөрмөц будалт, хувцастай хүмүүс хотын гудамжаар явж аймшгийн баярын уур амьсгалд оруулдаг болоод удлаа. Халловээн гэхээр аймшгийн баяр, сүнсний баяр гэх нэршил хүмүүсийн төсөөлөлд бууна. Үнэн хэрэгтээ халловээн баяр хэдэн жилийн өмнөөс үүсэлтэй, бусад оронд хэрхэн тэмдэглэдэг болохыг мэдэх хүн цөөн. Иймд бид халловээн баярыг гадаадад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай сонирхолтой яриаг хүргэж байна.
- АЛИМ АШИГЛАН БЭЛДСЭН ОРОЙН ЗООГ ХАЛЛОВЭЭНИЙ БАЯРЫН ШИРЭЭНД БАЙХ НЬ ЭЛБЭГ, УЧИР НЬ ЭНЭ ҮЕЭР БИД УРГАЦАА ХУРААЖ АВДАГ -
Зургийн тайлбар: Английн иргэн Жосеф Бристли бусад улсад хэрхэн халловээн тэмдэглэдэг тухай ярилаа. Улаанбаатар хот. 2020.10.29. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг
Намайг Жосеф Бристли гэдэг. Би Английн иргэн бөгөөд Кембрижийн их сургуульд судалгааны чиглэлээр ажилладаг. Монгол аж ахуйн амьдрал надад маш сонирхолтой санагддаг учир энд докторын ажлаа хийхээр хөдөө амьдарч байсан. “Halloween”-ий баярын үүсэл 2000 гаруй жилийн өмнөөс Европын “Samhain” гэх зан үйлээс гаралтай. Үүнээс хойш нийт гурван удаа өөрчдөгдсөн.
VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” /All Saints Day/ хэмээн тунхагласан. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрснг бол X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болсон. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Eve” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай. Ихэнх Европийн иргэд энэхүү баярыг тэмдэглэхдээ гэр орноо лаа, хулуун дэнлүү, сарьсан багваахайн хайчилбар зэргээр гэрээ чимэглэн хамтдаа оройн хоол иддэг. Халловээн бол орой тэмдэглэдэг баяр бөгөөд энэ үеэр сүнснүүд харагддаг гэж үздэг. Алим ашиглан бэлдсэн оройн зоог халловээний баярын ширээнд байх нь элбэг. Учир нь энэ үеэр бид ургацаа хурааж авдаг. Хүүхдүүд янз бүрийн дүрд хувиран айл айлын дүрд хувиран “Trick or Treat” гэж хэлээд чихэр авдаг. Хэрэв чихэр өгөхгүй бол гэрлүү өндөг шидэх, цэцэрлэгийн хаалга хулгайлах зэрэг сахилгагүй зүйлс хийдэг. Ихэнх хүмүүс халловээнд дуртай боловч зарим шашны шүтлэгтэн болон хүмүүс дургүй байх нь бий. Жишээ нь миний аав Ирланд хүн бөгөөд халловээнд дургүй учир хүүхэд байхаас минь тэмдэглэж байгаагүй.
- Аравдугаар сарын 31- Аймшгийн баяр
- Арваннэгдүгээр сарын 1-нд Бүх хутагтын өдөр
- Арваннэгдүгээр сарын 2-нд Бүх сүнсний өдөр гэж болдог.
Энэ үеэр бид нас барагсдыг хүндлэн шарилыг нь эргэж очдог.
-БЭЛДСЭН ХУВЦАСГҮЙ БАЙСАН БОЛОХООР НҮҮРЭЭ УЛААН ХАР ЦАГААНААР ДУГУЙЛЖ БУДААД, УЛААН ЦАМЦ ӨМСӨӨД ЦОХ БОЛСОН-
Зургийн тайлбар:“Ertiefolg” сургалтын төвийн менежер н.Анужин. Германд байхдаа тэмдэглэсэн анхны халловээн баярын тухай дурсамжаа ярилаа. Улаанбаатар хот. 2020.10.30. Гэрэл зургийг С.Хонгорзул
Халловээн баярыг Америкад утгаар нь тэмдэглэдэг бол Германд хүүхдүүд найзуудаараа гарч тэмдэглэдэг. Германчууд уриалгахан хүмүүс учир хүүхдүүд хаалга тогшиход цааргалалгүй өгдөг. Ер нь их хүүхдээ сонсдог хүмүүс учраас халловээн тэмдэглэмээр байна гэвэл тодорхой цагт гэртээ эргэж ирээрэй гэсэн шаардлага тавиад дэмжиж өгдөг. Би Германд очоод анх удаа халловээн тэмдэглэж үзсэн. Гэнэт байрныхан маань ирээд халловээн тэмдэглэнэ гараад ир гэсэн. Би тухайн үед бэлдсэн хувцасгүй байсан болохоор нүүрээ улаан хар цагаанаар дугуйлж будаад, улаан цамц өмсөөд цох болж тэмдэглэсэн /инээв/.
Мөн халловээний баяртай төстэй нэг баяр болдог бөгөөд өөр хүний дүрд хувирдаг онцлогтой. Түүнчлэн гутлаа тайлаад гэрийнхээ гадаа хонуулахаар маргааш нь чихрээр дүүрчихсэн байдаг зэрэг хөөрхөн баярууд зохиогддог.
С.Хонгорзул