П.Наранбаяр: 45 хоногийн сургалтад суусан гэрээт багш нар хоёрдугаар улирлаас хичээл заана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 54 секунд

Архангай аймгийн багш сурагчаа зодсон асуудал болон бусад цаг үеийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа.

-----------------------------------------------------------------------------------------------------

АРХАНГАЙ АЙМГИЙН БАГА АНГИЙН БАГШ ЗЭРЛЭГ, БАЛМАД ҮЙЛДЭЛ ГАРГАЖ, ХҮҮХДИЙН ЭРХЭНД ХАЛДСАН БАЙНА. ЯМАР Ч УЧИР ШАЛТГААНТАЙ БАЙСАН ИЙМ ҮЙЛДЛИЙГ БАГШ ХҮН ГАРГАЖ БОЛОХГҮЙ

-Архангай аймгийн бага ангийн багш сурагчаа зодож байгаа бичлэг цацагдсан. Энэ асуудал дээр Боловсролын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ. Тухайн багшид хариуцлага тооцох уу?

-Боловсролын байгууллагад 10 жил ажилласан Архангай аймгийн бага сургуулийн багш зэрлэг, балмад үйлдэл гаргасан байна. Энэ бодитой болсон байна. Магадласан. Аймгийн боловсролын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг очиж ажилласан. Ёс зүйн хороо нь хуралдсан. Багш өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Ямар ч шалтгаантай байсан ийм үйлдлийг багш хүн гаргахыг хуулиар хориглосон. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Энэ дээр бид хариуцлага тооцож байгаа.

-Цэцэрлэг, сургуулийн багш хүүхэд зоддог асуудал маш их гарч байна. Үүн дээр Боловсролын яам ямар байдлаар анхаарч ажиллаж байгаа вэ?

-2025 оныг бид багшийн ёс зүйн жил болгон зарлаж байна. Багшийн ёс зүйн талаар тодорхой ахиц гаргахгүй бол болохгүй байна. Бид төрийн бус байгууллага, нийгэмлэгүүд багш нартайгаа хамтарч ажиллана.

-Ёс зүйн зөрчил гаргаж, хүүхэд зодсон багшид хариуцлага тооцно гэхээр ажлаас нь халаад л өнгөрдөг. Тухайн багш жилийн дараа өөр газар анкет өгөхөд өмнөх асуудлыг нь хэн ч мэддэггүй. Багшлах боловсон хүч дутмаг гэх шалтгаанаар олон жил ажилласан туршлагатай багш байна гээд баярлаад л авдаг. Нэг удаа ийм үйлдэл гаргасан хүн дахиад гаргахгүй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр эдгээр багш нарын мэдээллийг харах боломжтой мэдээллийн сан бий болгож, нийтэд нээлттэй байршуулах боломж байдаггүй юм уу?

-Хар данс гэдэг шиг юм үүсгэж явах онцын шаардлага байхгүй гэж би харж байна. Яагаад гэхээр хүн алдаагаа ухаараад засарч болно. Өмнөх ажлаасаа ямар шалтгаанаар гарсан бэ гэдгийг нь судлах эрх нь ажил олгогчид өөрт нь байгаа. Өмнөх ажил олгогчтой нь холбоо барьж, асууж тодруулж болно. Нэг алдаан дээр нь дөрөөлөөд хар данс үүсгээд явах нь хүний эрхийн асуудалтай холбоотой. Гэхдээ бид ийм асуудал дээр хатуу зогсох ёстой. Хэрэв тухайн багш ажлаасаа халагдсан бол өөрийнх нь намтарт тэмдэглэгдэнэ. Шинэ ажил олгогч энийг өөрөө анхаарч судлах хэрэгтэй. Тэр боломж нь нээлттэй байгаа.

2025 ОНЫГ БАГШИЙН ЁС ЗҮЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ БАЙНА. БАГШИЙН ЁС ЗҮЙН ТАЛААР ТОДОРХОЙ АХИЦ ГАРГАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БАЙНА

-Боловсролын яам багш нарын ёс зүй, сэтгэл зүйд ямар байдлаар анхаарч ажилладаг вэ. Олон хүүхэдтэй ажилладаг гэх хэт их стрессдэх нь ёс зүйгүй үйлдэл гаргахад нөлөөлж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ?

-Ер нь багшийн ажил хэцүү. Стресс, дарамт ихтэй. Цалин бага, хангамж муу гээд багшийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх олон зүйл бий. Тэглээ гээд хүүхдийн эрхийг зөрчиж, биед нь халдаж болохгүй. Тиймээс дээр хэлсэнчлэн 2025 оныг бид багшийн ёс зүйн жил болгон зарлаж байна. Багшийн ёс зүйн талаар тодорхой ахиц гаргахгүй бол болохгүй байна. Бид төрийн бус байгууллага, нийгэмлэгүүд багш нартайгаа хамтарч ажиллана.

-Сургуулийн орчиндоо хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн анхаарч ажилладаг вэ. Ангийнхаа хүүхдүүдийн хажууд багшдаа зодуулах нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, сургуульдаа явах дургүй болох цаашлаад айдас трауматай болох эрсдэлтэй шүү дээ?

-Ийм тохиолдолд сургуулийн сэтгэл зүйчид тухайн сурагчтай ойрхон ажилладаг. Архангайн хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн хүүхэдтэй сургуулийн сэтгэл зүйч нь ажиллаж байгаа гэх мэдээллийг бид авсан. Хүүхдийн сургуульдаа дуртай ирэх боломжийг хангаж ажиллахыг бид зорьж ажиллаж байгаа.

-Багшлах боловсон хүчний ачаалал хэр байгаа вэ. Нэг багшид оногдох хүүхдийн тоо их байна гэх шүүмжлэл их байдаг шүү дээ?

-Хүүхдийн бүлэг дүүргэлтийн хэмжээ өндөр байгаа. Орон нутаг болон хотын захын дүүргүүдэд харьцангуй гайгүй. Бүлэг дүүргэлт дээр бид нар Багшийн хөгжлийн хуулийн 8.3 дээр заасан заалтын дагуу олон хүүхэдтэй бага ангийн багш нар дээр багшийн туслахыг оруулж ажиллуулж байгаа. Энэ хүрээнд багшийн туслахыг бэлдэх ажил явагдаж байгаа. Түүний зэрэгцээ багшлах боловсон хүчнийг нэмэх, сургуулийн хүртээмжийг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Хангалттай хэмжээнд хүргэнэ гэвэл мэдээж сансрын тоо гарна. Гэхдээ бидэнд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах зам бол байгаа.

45 ХОНОГИЙН СУРГАЛТАД СУУСАН ГЭРЭЭТ БАГШ НАР ХОЁРДУГААР УЛИРЛААС ХИЧЭЭЛ ЗААНА

-Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай хүмүүсийг 45 хоногийн сургалтад суулгаж, гэрээт багш бэлтгэх тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сард яригдаж шүүмжлэл дагуулсан. Энэ ажил одоо ямар шатандаа явж байна вэ?

-Энэ бол зургаан багц арга хэмжээний нэг нь байгаа юм. Ялангуяа байгалийн ухаанаар бэлтгэгдсэн их дээд, сургуулиа 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшлахуйд урьсан. Яг одоогийн байдлаар сургалт нь явагдаж байна. Бид зүгээр гудамжинд яваа хүмүүсийг 45 хоногийн курст сургаж багш болгох гээгүй. Байгалийн ухааны багш, математик, англи хэлний багш нар цаг нь хэт их болчихсон.

Нэг багш 19 цаг заах ёстой ч 50 гаруй цаг зааж байна. Заах ёстой цагаасаа 2-3 дахин их ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсээс багшлахуйн чанарыг шаардах ямар ч боломжгүй болж байгаа юм.

Боловсролын чанарыг шаардах гэж байгаа бол багшлах боловсон хүчин нь хангалттай байх ёстой.

-Сургалтад сууж байгаа багш нар хэзээнээс ажлын талбарт гарах вэ?

-Энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэхэд эхний багш нар боломжтой болно гэж харж байгаа. Гэхдээ энэ бол багшлах боловсон хүчний дутагдалтай газар гэрээтэйгээр Байгалийн ухаан болон математикийн хичээлийг зааж, ажиллах боломжтой болно гэсэн үг.

“Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүйгээр оруулж ирэх, 288 мянган хятад иргэд оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүй“
“Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүйгээр оруулж ирэх, 288 мянган хятад иргэд оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүй“
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!