Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа Бүх нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх төслийн хүрээнд эрдэс баялгийн татварын харилцаа, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) болон эрдэс баялгийн борлуулалтын гэрээг цахимаар бүртгүүлж баталгаажуулах аргазүйн талаар нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад Том татвар төлөгчдийн газар, жижиг, дунд сегментийн 120 татвар төлөгч хамрагдав. Сургалтыг Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Ц.Тогосмаа, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын байцаагч Б.Түвшинжаргал, Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Энхцэцэг, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх О.Цогт нар хөтлөн явуулж заавар зөвлөгөө өглөө. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээг цахимаар бүртгэж, дотоодын борлуулалт болон экспортын гэрээг үндэслэн АМНАТ ногдуулж эхэлснээр татвар төлөгчдийн тайлан гаргах ачааллыг ихээхэн хөнгөвчилж байгааг тайлбарлалаа.
Татвар төлөгчдийн зүгээс АМНАТ ногдуулах жишиг үнэ нь бодит зах зээлийн үнээс хэт өндөр байгаагаас татварын дүн өндөр ачаалалтай байгаа, АМНАТ-ийг зохицуулж байгаа Засгийн газрын тогтоол болон журам зааврууд хэт олон байгааг уламжилж байлаа. Мөн ашит малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, худалдах, хамтран ашиглах тохиолдолд орлогын татвар, НӨАТ хэрхэн татвар ногдуулах талаар асууж зохих хариулт тайлбар авлаа.