Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа "Бүх нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх" төслийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татвар болон цахим төлбөрийн баримтын системийн талаар сургалт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн дүүргүүдэд бүртгэлтэй жижиг, дунд сегментийн 120 НӨАТ суутган төлөгчдийн төлөөлөл оролцсон энэ сургалтыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаа, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх О.Цогт нар удирдан явуулав.
Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг цахим нэхэмжлэл, төлбөрийн баримт, НӨАТ-ын падаанаар баримтжуулж, цахим системд бүртгэлжүүлж эхэлснээр НӨАТ төдийгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, онцгой албан татвар зэрэг бусад татвар хураамжийн ногдуулалт, төлөлт эрс сайжирч байна.
Татварын албаны цахим тайлангийн системийг нарийвчлан судалж, боломжит өгөгдлүүдийг бүрэн ашигласнаар татварын тайланг алдаагүй, үнэн зөв тайлагнах, аливаа эрсдэлд орохгүй байх бүрэн боломжтой болсныг танилцууллаа. Татвар төлөгчид тулгамдсан, сонирхсон асуултуудаа тавьж зохих хариулт зөвлөгөө авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!