Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын киночид цар тахлыг хэрхэн туулж байна вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 42 секунд

Монголчууд кино урлагт дуртай. Бас хайртай. Манай киночид ч үзэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн, басхүү мэргэжлийн түвшний кино бүтээхийг зорьдог. Монголын зах зээлд жилд ойролцоогоор 30 кино нээлтээ хийдэг аж. Энэ бага тоо биш. Тоон үзүүлэлтээс чанарын түвшин хамаардаг бол бүр олныг хийгээд л байгаасай гэж хүсмээр. Гэвч чанар бол чанар. Тоо бол тоо.

 

Монголд кино урлагын өнөөгийн байдал болоод коронавирусын цар тахлын үеийн нөхцөл байдлаар “Улаанбаатар” кино наадмын зохион байгуулагчид Ирж яваа цаг” кино форумыг зохиолоо.

Энэ үеэр кино уран бүтээлч судлаачид цар тахлын үед кино урлагт тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын тухай хэлэлцэн туршлага солилцлоо. Уг хэлэлцүүлгийг кино судлаач, шүүмжлэгч Б.Түмэн-Өлзий удирдаж явууллаа.

МОНГОЛЧУУД 15 ЖИЛИИН ХУГАЦААНД ОСКАР АВАХ БОЛОМЖТОЙ

Монголын Үндэсний Кино Хорооны тэргүүн Н.Оргил: Манай кинонууд маш  их сайжирч байна. “Хөхөө”, “Хэвтрийн хүн” зэрэг кинонууд их сайн болжээ. “Сүүн замын сахиул”-ын эхлэлийн “action” тулаантай хэсгүүд сайн. Гэхдээ монгол кинонд нэгдсэн бодлого, таатай нөхцөл хэрэгтэй. Манай улс 10-хан тэрбумын жижиг зах зээл учраас төр оролцож, дэмжихгүй бол болохгүй.

Чөлөөт уран бүтээлч бидний нуруун дээр монголын кино урлаг 30 жил чадах ядахаараа явж байгаад одоо л нэг хууль баталж хөгжүүлэх гэж байх шиг байна. Бид БНСУ шиг 20-30 жил махийх хэрэггүй юм шиг санагддаг. 5-10 жилийн дотор зөвөөр хамтраад нэгдэж чадвал Оскар авахад ойрхон байна. Жил хагасын дотор хийсэн кино маань Азийн хамгийн том наадмаас шагнал авч чадаж байгаа юм чинь 15 жил  ажиллахад Оскар авч чадахаар. 

Манай байгууллага монголын бүх киночдод нээлттэй. Уран бүтээлчдээ гадныхантай холбож өгөх, тогтвортой хөгжлөөр хангах зорилготой байгуулагдсан. Монгол хүний үнэлэмжийг болоод түүх соёлоо дэлхийд зөвөөр таниулах хэрэгтэй. Харамсалтай нь монголын түүхийг гуйвуулсан кино их гарч байна.

Дэлхий “Netflix” гэдэг нэг кино театртай болчихсон. Ковидын үеэр кино зураг авахад маш их хүндрэл үүссэн. Манай улсад нэг ч хүн коронавирусын халдвараар нас барсангүй, халдвар дотооддоо алдсангүй гээд “Netflix”-т монголд ирж кино зураг авах санал тавьж байгаа. Ирэх жилээс кино үйлдвэрүүдийн барилгын ажил эхлээд ашиглалтад орвол бидэнд маш их боломж нээгдэх юм.

АНХНЫХ УЧРААС ХҮН ҮЗЭХГҮЙ БАЙЖ БОЛНО

Найруулагч, жүжигчин Б.Тамир: Цар тахлын үед продакшны ажил хийгдээгүй. Зураг авалт болоогүй. “Zura” УСК монголд анх удаа дижитал нээлт хийсэн. Түүний өмнө “37-р точка”-ын төгсгөлийн ангийг кинотеатруудаар гаргах төлөвлөгөөтэй байсан. 21 дэх анги хийгдэх гэж байхад ковид гараад кино театруудад үзэгч цуглуулах боломжгүй боллоо. Өөрсдөдөө байгаа нөөц боломжиндоо тулгуурлаж ажилласан. Маш их зориг. Анхных учраас хүн үзэхгүй байж болно. “37-р точка”-ын төгсгөлийн ангийг дижиталаар маш амжилттай гаргасан учраас үзэгчдийг үзэж сургасан гэж хэлж болно. Магадгүй өмнө нь онлайн үзвэр гаргаагүй шууд дижитал нээлтэд орсон бол үзэгчид хүлээж авахад хэцүү байсан болов уу.

60 ГАРАН БҮТЭЭЛИЙГ ОНЛАЙНААР ТОЛИЛУУЛАХАД ТЕАТРТ ҮЗСЭНЭЭС ИЛҮҮ ХҮН ҮЗСЭН

Монголын кино институтын дэд тэргүүн Ш.Ихбаяр: “Алтан Өргөө олон улсын кино наадам” дөнгөж их сургуулиа төгссөн залуу кино найруулагч, уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Залуус шууд бүрэн хэмжээний кино хийх боломж бага хийлээ гэхэд амжилт олох нь ховор байдаг. Оюутны ширээнээс уран бүтээлд орж байгаа найруулагчдыг өрсөлдүүлээд мотиваци өгөх,   түрүүлбэл дэмжээд явахыг зорьдог. Энэ жил “Алтан Өргөө” кино наадмаа өнжилгүй онлайнаар зохиосон. Уралдааны 60 гаран бүтээлийг онлайнаар толилуулахад театрт үзсэнээс илүү хүн үзсэн. Кино театр хаагдсан үед үзэгчдийг хөгжүүлэх, тэдэнд таашаал өгөх зэргээр өгөөжтэй байсан болов уу гэж бодож байна.

УРАН САЙХНЫ КИНОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ЗОГСООСОН

Номадиа Пикчерс продюсер Ч.Ундрам: Бид 2020 оны төлөвлөгөөгөө 2019 онд гаргадаг. Ковидоос болоод бидний бүтэн жилийн ажлын төлөвлөгөө хэрэггүй болсон. Мөн уран сайхны киноноос орж ирэх орлого, төсөв хүндрэлтэй байсан учраас маш хурдацтайгаар цар тахлын үед ажиллах төлөвлөгөө зохиосон. Театр хэзээ нээгдэх нь ойлгомжгүй. Нээгдсэн хэдий ч орлого олох нь тодорхойгүй. Тийм учраас уран сайхны киноны хөрөнгө оруулалтаа зогсоосон.  

Д.Цэрэнчимэг

Гэрэл зургийг : Б.Амарбаясгалан

 

 

Кристиано Роналдо дахин шинэ коронавирусийн халдвар авчээ
Кристиано Роналдо дахин шинэ коронавирусийн халдвар авчээ
 
 “Ачит ихт“ ХХК, “Фортун ай трейд“ ХХК нэг эзэнтэй бөгөөд 2018-2023 онд нууц гэрээгээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлтийг “Фортун ай трейд“ ХХК-д үзүүлж байжээ
 “Ачит ихт“ ХХК, “Фортун ай трейд“ ХХК нэг эзэнтэй бөгөөд 2018-2023 онд нууц гэрээгээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлтийг “Фортун ай трейд“ ХХК-д үзүүлж байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.