2 сая гаруй хүн амтай нийслэл хотын агаарын чанарын индексийн тоон утга маш их бохирдолтой гэх тоон утгыг зааж, эмнэлгүүд ханиадтай хүүхдээр дүүрсэн хүнд өдрүүд өнгөрч байна. Жил бүрийн өвөл энэ нөхцөл байдал давтагдаж, "Утаа утгаа алдлаа, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна" гэх шүүмжлэл газар авдаг. Энэ жил ч өнгө ижил. Ханиаж халуурсан хүүхдүүд эмнэлгүүдийн хүлээн авахыг дүүргэж, нийслэлчүүд сааралтсан их утаан дунд өглөөг эхлүүлж байна.
НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд нөлөөллийн үнэлгээний албаны дарга Б.Сувд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ, "Амьсгалын замын өвчлөлийн 20 хувь нь агаарын бохирдол, утаанаас ҮҮДЭЛТЭЙ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахгүй бол ХҮҮХДҮҮД хамгийн их хохирно" гэдгийг онцолсон.
УЛИРАЛ СОЛИГДОХ ЭНЭ ҮЕД ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ ИДЭВХЖИЖ, АМАРГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСДЭГ ГЭДГИЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮД МЭДДЭГ Ч УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДДАГГҮЙ
Бид шүүмжилж, бухимдлаа илэрхийллээ гээд утаа алга болохгүй. Бидний хүүхдүүд ханиад хүрэхээ больчихгүй. Тиймээс амьсгалын замын өвчлөлийн идэвхжил нэмэгдсэн энэ үед хүүхдээ өвчлөлөөс хол байлгахын тулд өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж, хэвшүүлэх нь чухал байна.
ХӨСҮТ-өөс өдөр бүр мэдээлэл хийж, "Ханиад томуу их байна. Хүүхдүүддээ амны хаалт зүүлгэ" гэх үгийг тоть шиг давтаж байгаа ч амьдрал дээр хэвшил болгож, хэрэгжүүлж байгаа хүн ховор. Товчхондоо бол өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж чадахгүй байж, бусдаас буруу хайж хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг.
Ид идэвхжилийн энэ үед бидний эргэн тойронд 200 гаруй төрлийн вирус байдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон байдаг. Эдгээр вируст насанд хүрсэн хүмүүс өөрсдөө тэсвэртэй байгаад өвдөхгүй байж болох ч байнгын тээгч болж, хүүхдүүдээ халдвар тараадаг байна. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй гэдгийг юун түрүүнд ойлгох нь чухал. Энэ бүхэн хамгийн энгийн дадлаас эхэлнэ.
Юун түрүүнд хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвшье. Гэртээ ороод гадуур хувцсаа үүдэндээ солиод, хоолойгоо зайлж, гараа ариутгаад хүүхэдтэйгээ харьцаж суръя. Маш энгийн дадал шүү дээ. 100 хувь биш юмаа гэхэд 50-60 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолдог.
Мөн хүүхдийг маш сайн унтуулж, амраах хэрэгтэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг. Тиймээс бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвших нь хамгийн тохиромжтой.
Энэ мэтчилэн энгийн дадлууд таны хүүхдийг өвдөхөөс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!