Засгийн газраас 2025 оны төсвийг орлого, зардлыг 33.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн хуулийн төслийг УИХ-ыд өргөн барьсан байдаг.
Дахин өргөн баригдсан төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрбээр "Засгийн газар 2025 оны улсын төсвийг ДНБ-ний 35.2%-тай тэнцэх хэмжээнд буюу өмнөх төсөлтэй харьцуулахад 2.3 их наядаар бууруулж, алдагдалгүй төсөв батлах саналаа өчигдөр өргөн барилаа.
Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт иргэд илүү идэвхтэй оролцсон нь олон нийтийн санал хууль тогтоох үйл явцад ямар чухал болохыг харуулсан бөгөөд иргэдийн дуу хоолойг сонсож, тусгах чадвартай Ерөнхийлөгч, УИХ байгаагаа бас харууллаа.
Төсвийн зардлыг танах нь инфляци нэмэгдэх дарамтыг бууруулах, мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр зээлийн хүү буурах, улсын зээлжих зэрэглэл сайжрах зэрэг давуу талуудаас гадна төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын реформ хийх зэрэг бодлогын шилжилт хийхээс өөр аргагүй нөхцөлд оруулж байна.
Энэ хандлага нь эдийн засгийн бодлогын хувьд зөв зам дээр гарах эхлэлийг тавина итгэлтэй байна. Хэдийгээр хүссэн хэмжээгээр 2025 оны төсвийн зардлыг бууруулах төсөл орж ирээгүй ч, цаашид 2026, 2027 онуудад төсвийг мөн алдагдалгүй байлгахаар төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл оруулж ирсэн учир өргөн барьсан төслийг цаг алдалгүй хэлэлцэж, дэмжин батлуулах бодолтой байна" гэжээ.