Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 28 секунд

“Сантхаан” ХХК-ийн газрын эрхийг 2022 онд цуцалснаар Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд төсөл хэрэгжүүлж байсан “Хару констракшн” ХХК-д орон сууцны захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэн хохирсон талаар өнөөдөр хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “төр шударга ёсны зарчмыг биелүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НЗДТГ-ын харьяа Газрын албанд хүсэмжилж байна” гэдгээ илэрхийллээ. Учир нь, газрын эрхийг цуцалснаар зөвшөөрлийн асуудал үүсэж шүүхэд шилжиж маргаан сунжирсан нь улмаар орон сууц захиалсан иргэд байрандаа орж чадалгүй гурав, дөрвөн жил цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэлзүйгээрээ хохирч байгааг тодотгосон юм. Тэдний зүгээс “Барьсан барилгыг нурааж хот төлөвлөлтийг сайжруулна гэж ярьж байгаа нь бодит байдал дээр нийцэхгүй шударга ёс зөрчигдөж байна” гэсэн юм. Орон сууц захиалсан иргэдийн ихэнх нь 50-100 хувь хүртэл төлбөрөө төлсөн аж.

Хохирсон иргэдийн зүгээс “НЗДТГ-ын захирамж үндэслэлгүй болох нь шүүхийн дөрвөн удаагийн тогтоолоор тогтоогоод байхад НЗДТ, Үндэсний номын сан удаа дараалан давж заалдаж шүүхийн үйл ажиллагааг сунжуулснаар 30 гаруй өрхийн 100 орчим өрх эд хөрөнгө, сэтгэл санаа, алдагдсан боломжоороо хохирч байна.

Бид засаг захиргааны байгууллагуудаас хуулийн дагуу зөвшөөрөгдсөн газар дээр итгэж орон сууц захиалсан байдаг. Ямар нэгэн байдлаар бид буруутай үйлдэл гаргаагүй байж хохирч байгаа нь шударга биш байна. Хохирсон иргэдийн дунд олон жил гадаадад ажиллаж амьдарч орон сууц захиалсан, байр түрээсэлж буй, бага насны хүүхэдтэй залуу гэр бүл, олон жил цуглуулсан мөнгөөрөө хүүхдүүддээ орон сууц худалдан авсан ахмад настан зэрэг олон өрх бий.

Өнөөдрийг хүртэл нийт 9 тэрбум гаруй төгрөгийн бодит хохирол амссан. Үл хөдлөх хөрөнгийн судалгаагаар, байрны үнэ жилд 15-20 хувь өсч байна. Үүнийг сар, өдрөөр нь тооцвол бид өдөр бүр 2.5-3 сая төгрөгийн хохирол амсаж байна.

Иргэд бид хохирч буй асуудлаар НЗДТГ болон ЗГХЭГ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан ч өнөөдрийг хүртэл нааштай хариу ирээгүй” гэсэн юм.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үеэр Үндэсний төв номын сангийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Энэ үеэр номын сангийн барилгын ажлын явцад онцгой анхаарал тавьж холбогдох яамдын удирдлагууд, хотын удирдлагын бараг бүх даргатай хамт очиж асуудлыг яаралтай шийдэх гарцыг газар дээр нь шийдэх гэж сүртэй “десант” буулгасан. Энэ өдрөөс хойш Үндэсний төв номын сангийн дэргэдэх барилга, байгууламжууд, тодорхой хэлбэл “Сант хаан” компани болон тэдний газар дээр хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилга барьж буй хөрөнгө оруулагч “Харү констракшн” ХХК-ийн эрх ашиг, баригдаж буй 124 айлын оршин суух 16 давхар барилга, худалдан авах захиалга өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн байдаг.

“Хару констракшн” ХХК-ны орон сууцанд захиалга өгсөн иргэн Б.Оюунчимэг ярихдаа “ Үндэсний номын сангийн барилга нь тооцоо судалгаагүйгээр орон сууцны барилга руу шахаж барьсан атал нарны гэрэл хааж байна гэх номын сангийн гомдлыг ямар ч үндэслэлгүй болохыг захиргааны хэргийн шүүхээс тогтоосон. Аравдугаар сарын 31-ны Захиргааны хэргийн шүүхээр, иргэдийн өмчлөх эрхэнд халдсан зүйл ярьж байгаад гомдолтой байна” гэсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
 
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!