УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нартай холбоотой мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. Тодруулбал, "Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хакердуулахад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын TPHA+ буюу тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан тухай мэдээлэл алдагдсан" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байна. Тэрбээр, ""Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн,..... гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая". Өргөсөн энэ тангараг болон УИХ-ын гишүүний үүргийнхээ дагуу парламентаар хэлэлцэж буй асуудал бүрд, ялангуяа, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсөв зэрэгт анхнаасаа шүүмжлэлтэй хандаж эхэлснээс хойш л “цаашид элдэв гүтгэлэг, харлуулалт ирнэ шүү” гэж сануулж, болгоомжлуулж байсан нь аль эрт биеллээ олж, системтэйгээр үргэлжилж байгаа ч үл тоож ирсэн.
Мөн нэлээн дээр “чам дээр тусгай ажиллагаа явуулж байгаа…” хэмээн МАН-ын нэгэн гишүүн тоглоом шоглоом, сүрдүүлгийн завсраар хэлэхэд нь гайхаад л өнгөрүүлсэн. Би супер хүн биш тул дутуу дулимаг бодож, алдаатай ярихыг үгүйсгэхгүй. Тиймээс ч улс төрийн үзэл бодол, тодорхой асуудлаарх миний байр суурийг шүүмжлэхэд эмзэглэхгүй.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл бид 2-ыг нийгмийн халдварт өвчинтэй (өөр олигтой зүйл олдохгүй байгаа бололтой) мэтээр гүтгэж байгаа нь биднийг харлуулагчдын ажиллагааны хэмжээ, тун хэтэрснийг илтгэж байна. Ямар ч өвчнийг хэн ч тусаж болох ч миний хувьд иймэрхүү төрлөөр өвдөж үзээгүй.
Анх байгуулагдахад нь нэг очиж харшлаа үзүүлсэн, мөн нэг удаа ковидын шинжилгээг оролгүйгээр гаднаас нь өгснийг эс тооцвол би Интермед эмнэлгийн үйлчлүүлэгч огт биш. Эмнэлгийн тухайд хамгийн сүүлд дүүргийнхээ эмнэлэгтээ эрт илрүүлэг оношлогоонд орсон. Асуудалд шүүмжлэлтэй хандсаны төлөө Парламентын эмэгтэй гишүүдийг ингэж увайгүй гүтгэдэг нь Монголын улс төрд байх ёстой хэвийн зүйл мөн үү" хэмээн нийтэлсэн байна.
Сэтгэгдэл (37)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!