"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Хяналтын сонсголын эхэнд Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн ХЭҮК-ын дүгнэлтийг танилцууллаа. Тус дүгнэлтэд
Төрийн нууц, гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажилтай холбоотойгоор үйлдэгдэж, хяналт тавих, нотлоход хүндрэлтэй болж байна. Хорих ял эдлэх, баривчлах шийтгэл эдлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хорих анги, баривчлах төв болон хүний эрхийг хязгаарлах газруудад эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах эрсдэл бодитойгоор нэмэгдсэн. Хорих ангиудын орчин нөхцөл НҮБ-ын хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм, насанд хүрээгүй хоригдогчдыг хамгаалах зарчимд нийцсэн байдлаар сайжрахгүй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх хангагдахгүй байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, 9 нь дотоодын цэрэгт хамааралтай байна.
Цэргийн алба хаагчдын дунд дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, хүний амь эрсдэх нөхцөл байдал гарсаар байгаа нь хүний эрхийн мэдлэг ойлголт хангалтгүй, хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой.
Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнээс гэм буруугаа өөрөө нотлохыг шаардах, мэдүүлэг авахыг албадах хандлага гарсаар байна.
ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үзлэг, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллээс үзэхэд тайлбар, мэдүүлэг авахад зориулсан тусгайлан бэлтгэсэн өрөө хүрэлцээгүй, камерын хяналт хангалтгүй, камерын дүрс бичлэгийг хадгалах, хамгаалах, хуулбарлан авах боломж хомс зэрэг нөхцөл түгээмэл байна. Хэрэгт холбогдсон хүнтэй уулзах, мэдүүлэг авах ажиллагааг ихэнх тохиолдолд мөрдөгч, эрүүгийн мөрдөгчид албан өрөөндөө хэрэгжүүлж байна.
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан нэгжийг байгуулах асуудал шийдвэрлэгдэхгүй байгаад Комисс шүүмжлэлтэй хандаж байна.
Тиймээс
- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг 2 жил тутамд үнэлж, бодит ахиц дэвшил гаргахад чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх, шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх.
- Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинж, тодорхойлолт, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг НҮБ-ын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д нийцүүлэн боловсронгуй болгох.
- Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан тогтолцоог бүрдүүлж, чадавхыг бэхжүүлэх.
- Эрүү шүүлтийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох бие даасан хуулийг батлах.
- Цагдан хорих, хорих ангийн орчин нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмжийг сайжруулж, эмч, эмнэлгийн ажилтны тоог нэмэгдүүлэх.
- Албадан эмчилгээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, түүнийг хэрэгжүүлэх дэд бүтэц, орчин нөхцөл, эмчилгээний арга зүй, аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулах.
- Мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд ил болгож, нээлттэй хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна” гэсэн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, мэдүүлэг авах өрөөний хүрэлцээ, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчныг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх.
- Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх үйлдлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх сургалт соён гэгээрлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үүрэг хүлээсэн байгууллага бүр зөвлөл байгуулах, орчин үеийн чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
- Бүх насаар хорих ялыг бие даасан ялын төрөл болгон хуульчлах, энэ төрлийн ял эдлүүлэх дэглэм, зохион байгуулалт, сургалт, хөдөлмөрийн стандартыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, бүх насаар хорих ял эдлүүлж буй хоригдогчдын орчин нөхцөлийг сайжруулах, тус нэгжид ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулах арга хэмжээг шуурхай авах.
- Цэргийн албаны болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэх, шүгэл үлээсэн цэргийн алба хаагчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хил хамгаалалтыг мэргэжлийн цэрэг, технологийн тусламжтайгаар зохион байгуулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
- Цэргийн албанд хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох явдлыг таслан зогсоох, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн нэр төрөл, зохион байгуулах хугацааг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, үзлэг хийж буй эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагыг сайжруулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!